СЭЛЭНГЭ: “Чагтай” ХХК өнгөрсөн онд 868 тн улаанбуудай хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-15 11:59:00

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чагтай” ХХК-ийн механикжуулагч Х.Алтанхуяг 2023 оны ажлаараа бусдыгаа манлайлж, Улсын аварга тариаланч хэмээх эрхэм шагнал хүртжээ.


Тэрбээр 1995 оноос тасралтгүй тус компанид 29 жил трактор, комбайнчаар ажиллаж байгаа аж. Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэл, ур чадвараа зориулж яваа цөөхөн тариаланчдын нэг юм.


Х.Алтанхуяг ажиллах хугацаандаа тухайн үед Монгол Улсад голлон хэрэглэж байсан ОХУ-ын ДТ-75 трактороор 32 жилийн, СК-5 комбайнаар 33 жилийн ажил гүйцэтгэж байжээ.


Мөн жилд дунджаар 1600 га талбайд тариалж га-аас 16.3 центр буюу тухайн үедээ хамгийн их ургац хураан авч байсан түүхэн амжилтын эзэн болжээ.


Тэрбээр 2023 онд трактораар 1892 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 1391 га талбайгаас 868 тн улаанбуудай хурааж авсан амжилтыг үзүүлжээ.

Холбоотой мэдээ