Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-16 15:16:32

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шатны хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төслийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг дангаар үйлдвэрлэж байгаа бөгөөд хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлдэг. Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм гэдгийг дурдав.


Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна. Мөн нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгосноор урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.    


Нийслэл нь олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан гэдгийг Б.Дэлгэрсайхан сайд танилцуулгадаа онцолсон. Мөн нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал инженер, дэд бүтцэд түшиглэн орон сууцжуулах, автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн төслүүд хэр байгааг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн өөрчлөлтийн хүрээнд хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг лавлаж байлаа.  


Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг тодотгоод, Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Бид нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаас хойш 1.7 км-ийн зайд байгаа Сэлбэ дэд төв буюу ус, дулаан, цэвэр бохирын асуудлыг бүгдийг шийдсэн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, 160 га талбайд төлөвлөлт хийлгээд ажлын зураг боловсруулах тендер зарлаад байна. Энэ хүрээнд ойролцоогоор 12 мянган айлын орон сууцны хороолол барина. Үүнийг барьж чадвал 32-ын тойрог хүртэлх тав, зургаан буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг шууд орон сууцаар своп хийх нөхцөлөөр нүүлгэн шилжүүлэх хуулийг баталсан. Ингэснээр 2025, 2026 онд 701 орчим га газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Ингэж чадвал бид Улаанбаатар хотын нийт гэр хорооллын дөрөвний нэгийг төлөвлөлтийн дагуу, орон сууц барих боломжтой газар болгон чөлөөлнө" гэдгийг хариултдаа онцлон тэмдэглэсэн юм.


Эцэст нь Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ