2023 он хамгийн халуун жил боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-01-10 11:52:06

БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Anadolu/. Улиран одсон 2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болсон бөгөөд цаашид ийм нөхцөл байдал үргэлжлэх магадлалтай байна гэж Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас /C3S/ мягмар гарагт мэдээлэв.  


“2023 онд дэлхийн дундаж температур Цельсийн 14.98 хэмд хүрснээр урьд нь хамгийн халуун жилд тооцогдож байсан 2016 оны үзүүлэлтийг шинэчиллээ гэж тус байгууллагын тайланд онцолжээ. Түүнчлэн 2023 оны 6-12 дугаар сар хүртэлх сар бүр өмнөх жилүүдийн мөн саруудаас дулаан байсан байна. 2023 оны 7, 8 дугаар сарууд түүхэн дэх хамгийн дулаан хоёр сар болсон гэж тайланд дурджээ.


2023 он Европын хувьд хоёр дахь хамгийн дулаан жил болсон бөгөөд 1991-2020 оны дунджаас 1.02 хэмээр илүү дулаан байжээ. Харин тус тивийн түүхэн дэх хамгийн дулаан жилд тооцогддог 2020 онтой харьцуулахад ердөө 0.17 хэмээр сэрүүн байсан байна.


Европт 2023 оны 12 сарын 11 сард нь агаарын температур дунджаас дээгүүр байсан бөгөөд есдүгээр сар нь түүхэн дэх хамгийн дулаан есдүгээр сар болж бүртгэгджээ. Үүний зэрэгцээ Европын өвөл /2022 оны 12 дугаар сараас 2023 оны хоёрдугаар сар/ түүхэн дэх хамгийн дулаан хоёр дахь өвөл боллоо.


Мөн хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж байгаа нь далайн температурыг ихээхэн нэмэгдэхэд хүргэж байгаа нь далайн экосистем, биологийн төрөл зүйлд томоохон, заримд тохиолдолд сүйтгэлт нөлөө үзүүлж, нийгэм, эдийн засгийн үр дагаварт хүргэж болзошгүйг тайланд анхааруулжээ.


Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дэд дарга Саманта Бержесс уг тайлангийн талаар X сүлжээндээ, 2023 он бол уур амьсгалын дээд үзүүлэлтүүд даалуу шиг нурсан онцгой гойд жил байлаа гэв. 2023 оны температур хамгийн багаар тооцоолоход сүүлийн 100 мянган жилийн аль ч үеийнхээс давсан байж магадгүй, нэг жилийн өдөр бүрийн температур 1850-1900 оны өмнөх үеийнхээс 1 хэмээр давсан анхны тохиолдол энэ болж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ