Японд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-01-02 17:21:55

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 2 /Kyodo/. Шинэ оны эхний өдөр Японы төв хэсэгт орших Ното хойг болон ойр орчмын нутгуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48-д хүрч нэмэгджээ. Аврагчид эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.


Ишикава мужийн эрх баригчдын мэдээлснээр, Сүзү хотод 20 хүн, Важима хотод 19, Нанао хотод 5 хүн амиа алджээ. 


Өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 16:10 цагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужийн Важима хотын дэд бүтэц ихээхэн сүйдэж, түймэр гарсан бөгөөд зам дээр нуранги үүссэн нь аврах ажиллагаанд саад учруулж байна.


Газар хөдлөлтийн улмаас 1.2 м өндөр давлагаа Важима боомтын орчимд үүссэний дараа Япон тэнгисийн эрэг дагуух томоохон газар нутагт зарласан цунамийн түгшүүрийг мягмар гаргийн өглөө цуцалжээ. 


Важима хотод долоон давхар байшин хажуулдаж нурсан бол өглөөний захаараа алдартай тус хотын төвийн дүүрэг өчигдөр гарсан томоохон түймэрт өртжээ.


Важимагийн төвийн 200 гаруй барилга галд автсан боловч нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэж Ишикава мужийн эрх баригчид мэдээлжээ. Тус хотод 14 хүн нурангинд дарагдсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Газар хөдлөлтийн улмаас мөн Нийгата, Тояма, Фүкүи, Гифү мужид хүмүүс бэртэж гэмтэж, дэд бүтэц эвдэрч сүйджээ.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ното хойгийн хойд хэсэг рүү тээврийн хэрэгслээр очиход туйлын хүндрэлтэй байгааг онцлоод, хөлөг онгоцоор тусламжийн ачаа тээвэрлэх ажлыг зохицуулж байгааг мэдэгджээ. Түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний 1000 орчим алба хаагч аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд оролцож байна. 


"West Japan Railway" компани байгалийн гамшгийн дараа төмөр замууд болон бусад байгууламжийг шалгахаар Тояма, Каназава өртөөнүүдийн хоорондох Хокүрикү шугамд дөрвөн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосны улмаас суман галт тэргээр зорчиж явсан 1400 орчим хүн 11 цагийн турш гацжээ.


Японы Цаг уурын агентлагийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь Важима хотоос зүүн хойд зүгт 30 км-ийн зайд 16 км-ийн гүнд байжээ. Тус улсад газар хөдлөлтийн хүчийг долоон шатлалаар хэмждэг бөгөөд энэ удаагийн газар хөдлөлт хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Долоодугаар түвшний газар хөдлөлтийн үед хүмүүс зогсож чадахгүй болдог гэж тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд 2018 онд Хоккайдод ийм хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ. 


Хүчтэй газар хөдлөлт болсноор хуурай газар ихээхэн хэмжээгээр хөдөлж шилжсэн нь тус улсын геодезийн судалгааны системд бүртгэгджээ. Важима дахь лавлах станц баруун тийш 1.3 метрийн зайд шилжин хөдөлсөн байна. 


АНУ, Канад, Итали зэрэг улсууд Японд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы ард түмэнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ