EIU: Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-30 16:34:46

ХОНКОНГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /Reuters/. Энэ онд дэлхийн хэмжээнд амьжиргааны өртөг хамгийн ихтэй хотоор Сингапур, Цюрих шалгарч, Женев, Нью-Йорк хотууд удааллаа гэж “Economist Intelligence Unit” (EIU) байгууллага өнөөдөр буюу пүрэв гарагт мэдээллээ.


“Өргөн хэрэглээний 200 гаруй бараа, үйлчилгээний үнэ жилийн дунджаар үндэсний мөнгөн тэмдэгтээр 7.4 хувиар өссөн нь өнгөрсөн онд 8.1 хувь байсан дээд үзүүлэлтээс буурсан боловч 2017-2021 оны үзүүлэлтүүдээс мэдэгдэхүйц өндөр байна” гэж тус байгууллагын тайланд дурджээ.


Хэд хэдэн нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн түвшин өндөр байгаагаас шалтгаалан Сингапур сүүлийн арван нэгэн жилийн хугацаанд ес дэх удаагаа энэ жагсаалтыг дахин тэргүүлсэн байна.


Тус хот улс тээврийн хэрэгслийн тоог хязгаарлан автомашин эзэмшихэд төрөөс хатуу хяналт тавьдаг тул тээврийн зардал хамгийн өндөр төдийгүй хувцас, хүнс, согтууруулах ундаа зэрэг бараанууд хамгийн үнэтэй тооцогддог.


Швейцар франкийн ханш чангарч, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, амралт зугаалгын үнэ өссөн нь Цюрихт амьжиргааны өртөг нэмэгдэхэд нөлөөлжээ.


Жагсаалтын гуравдугаарт Женев, Нью-Йорк бичигдсэн бол Хонконг тавдугаарт, Лос-Анжелес зургаадугаарт жагсжээ.


Бусад бүс нутагтай харьцуулахад Ази тивд үнийн дундаж өсөлт харьцангуй бага байгаа тул энэ онд Хятадын Нанжин, Вуши, Далянь, Бээжин гэсэн дөрвөн хот, Японы Осака, Токио хотуудад амьжиргааны зардал буурчээ.

Холбоотой мэдээ