Галуут сумынхан цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-22 11:34:00

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар Галуут сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийжээ. Тус уулзалтад сумын удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэгмид зэрэг албаныхан оролцож, тус сумын иргэд хөдөлмөрчдөд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.

Галуут суманд нэн тулгамдсан асуудал бол цахилгаан эрчим хүчний асуудал. Тогны хүчдэл уналттайн улмаас тус сумын гэрэл цахилгааны асуудал өвлийн улиралд хүндрэх магадлал өндөр байгааг нутгийнхан ажлын хэсгийнхэнд учирлаж байв. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан ажил учраас цаашдаа шийдэгдээд явах бүрэн боломжтойг Засаг дарга онцоллоо.

Уулзалтын үеэр иргэд малчид Галуут сумын цахилгааны шугам сүлжээг сайжруулах, зарим багийн Unitel-ийн сүлжээг сайжруулах, хүүхэд харах үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлэх, малчдыг орлогожуулж мөнгөжүүлэх, арьс шир ноос ноолуурын урамшууллыг таслалгүй олгох, Соёлын төвийн барилгатай болох, Цагаан туруутын голын гүүрийг засварлах, сургуулийн халаалтыг шийдэж өгөх зэрэг зэргээр хэд хэдэн хүсэлт хэлж байв. Гарсан хүсэлт бүрийг шийдэх боломжтой байдлаар судалж үзэн хариуг даруй ирүүлэхээ албаныхан мэдэгдлээ. Мөн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хүүхэд харах үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгаа Галуут сумын иргэн Ю.Нарантуяад хүүхдүүдээ тоглоомтой болгоход нь 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

                                                                                                                          Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ