Аймгийн Цагдаагийн газар цогцолбор барилгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-19 19:26:28

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар оролцлоо.

Мөн аймгийн Цагдаагийн газрын үе үеийн дарга нар болох Ц.Даваадорж, Х.Рэгсүрэн, Я.Цагаанчулуун, Д.Мөнхбаяр нарын таван үеийн удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцсон байна. Энэхүү барилгыг 1 тэрбум 650 сая төгрөгийн өртгөөр  дөрвөн сарын дотор барьж дуусган ашиглалтад өгч буй аж.

Нээлтийн үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Цагдаагийн байгууллагад орон нутгийн сангаас албан хэрэгцээндээ 30 сая төгрөгөөр автомашин худалдан авах эрх, аймгийн ЗДТГ-т албан хэрэгцээнд ашиглаж байсан Ланд-80 автомашиныг, Засаг даргын нөөц хөрөнгөөсөө цагдаагийн ажилтан н.Төмөрсүхэд орон сууцны төлбөрийн үлдэгдэл 7 сая төгрөгийн эрхийн бичиг гардуулжээ.

Мөн үеэр Цагдаагийн Ерөнхий газараас Приүс маркийн автомашин, Иж бүрэн комьпютер 2 ширхэгийг бэлэглэсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ