“Ли” хар салхи Шинэ Шотланд мужийг дайран өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-17 14:15:04

ОТТАВА. /DW/. Атлантын далайд дэгдсэн "Ли” хар салхи бямба гарагт Канадын Шинэ Шотланд мужийн баруун хэсгийг дайрсны улмаас хүчтэй шуурга, үер болж, олон мянган иргэн гэрэл цахилгаангүй болоод байна.


Хар салхины үндэсний төвөөс (NHC) мэдээлснээр, Шинэ Шотланд мужийн нийслэл Халифакс хотын баруун өмнө зүгт орших Лонг-Айлендын эрэгт хар салхины хурд цагт 110 км хүрсэн байна. Хотын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.


“Ли” хар салхины улмаас Канадын зүүн эрэг, АНУ-ын  Мэйн мужийн эрэг хавийн нутагт их хэмжээний үер болж болзошгүйг NHC анхааруулаад байна.


Цаг агаарын таагүй байдалтай холбоотой анхны золгүй явдал Мэйн мужийн Сийрспорт хотод гарсан байна. Тус хотод хүчтэй салхинд том модны мөчир машин дээр нь унасны улмаас нэг хүн амиа алджээ. Шинэ Шотланд мужид цахилгааны шугам болон мод унасны улмаас 144 орчим мянган хэрэглэгч, хөрш зэргэлдээх Шинэ Брансвик мужид  37 мянган иргэн цахилгаангүй болжээ.


Энэ аюулт хар салхи нь ням гарагт Канад  болон АНУ-ын зүүн эрэг, Бермудын арал болон Атланын далайн бусад бүс нутгуудыг дайрч өнгөрнө.



Холбоотой мэдээ