ХЭНТИЙ: Төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэгтэй анхны сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-11 16:50:38
Бор-Өндөр /МОНЦАМЭ/. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэгийг Бор-Өндөр сумын ЗДТГ-ын байранд өнөөдөр нээлээ.

Нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт болон иргэдийн төлөөлөл, албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо.

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “ХУРДАН” үйлчилгээний цэг нь лавлагаа тодорхойлолтын 94, нэг шатлалт үйлчилгээний 55, олон шатлалт үйлчилгээний 291 нийт 440 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Тус цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Холбоотой мэдээ