Куба улсад 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-12 14:17:10

ХАВАНА. /Prensa Latina/. Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн /G77/ дээд хэмжээний уулзалт Куба улсын нийслэл Хавана хотноо болох гэж байна. 


Есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болох уг уулзалт нь дэлхийн өмнөд хэсгийн орнуудын эв нэгдлийг бэхжүүлэх, өнөөгийн болон ирээдүйн сорилтуудыг даван туулахын тулд шийдэмгий алхам хийх боломжийг олгоно.


“Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох уулзалтад оролцогчид хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан, техникийн дэвшилд хүрэх боломж хязгаарлагдмал байгаа зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулан хөгжлийн өнөөгийн сорилтуудыг хэлэлцэнэ. Нийт 134 гишүүн оронтой “G77” нь дэлхийн хүн амын 80 хувь, НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлдэг.


Куба улс энэ оны нэгдүгээр сараас 77-гийн бүлгийг түүхэндээ анх удаа даргалж эхэлсэн бөгөөд дэлхийн өмнөд хэсгийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг ахиулах амлалт өгчээ. Энэ удаагийн уулзалтад Аргентин, Боливи, Бразил, Колумби, Лаос, Хондурас, Шри-Ланка, Экваторын Гвиней зэрэг улсын төрийн тэргүүн нар, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын /UNCTAD/ ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспен нар оролцохоо мэдэгдсэн байна. 


Кубын Засгийн газар “G77"-гийн дээд түвшний уулзалтыг “яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны төлөөх форум” хэмээн тодорхойлжээ. Тус улс хөгжиж буй орнуудын засгийн газар хоорондын энэхүү хамгийн том байгууллагыг даргалж эхэлснээсээ хойш Боловсрол, Соёл, Аялал жуулчлалын сайд нарын уулзалт зэрэг хэд хэдэн уулзалтыг зохион байгуулаад байгаа юм. 


НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг 77-гийн бүлэг нь хөгжиж буй 134 орныг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд гишүүдийнхээ хамтын эдийн засгийн ашиг сонирхлыг дэмжих, НҮБ-ын хүрээнд өргөтгөсөн хамтарсан хэлэлцээ хийх чадавхыг бий болгох зорилготой юм. Женев хотод төвтэй тус байгууллагыг үүсгэн байгуулагч нь 77 гишүүн байсан боловч өдгөө 134 гишүүн оронтой болж өргөжин тэлжээ.


Энэхүү бүлгийг 1964 оны зургаадугаар сарын 15-нд эвсэлд нэгдэн ороогүй 77 улс НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын чуулганаар “Далан долоон орны хамтарсан тунхаглал”-ыг баталж үүсгэн байгуулсан түүхтэй. Анхны томоохон хурал нь 1967 онд Алжирт болж, Алжирын тунхаг бичгийг баталснаар байнгын институцийн бүтцийн үндэс суурийг тавьжээ.  

Холбоотой мэдээ