Хонконгт сүүлийн 140 жилд ороогүй хүчтэй аадар бороо оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-08 12:21:53

ХОНКОНГ. /Reuters/. Хонконгт баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо орж, гудамж, худалдааны төв, метроны буудлууд үерт автсан тул эрх баригчид сургуулиудыг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.


Өнгөрсөн шөнийн бороо нь хур тунадасны хэмжээгээр 140 жилийн дараа (1884 оноос хойш) орсон хамгийн хүчтэй аадар бороо юм. Пүрэв гаргийн 23:00-24:00 цагийн хооронд 158.1 миллиметр  хур тунадас орсон тухай  Хонконгийн Одон орны ажиглалтын төв мэдээлсэн байна.


Цаг агаарын товчооноос хамгийн өндөр "хар" түвшний сэрэмжлүүлэг гаргаж, пүрэв гаргийн оройноос хойш Хонконгийн төв арал, Коулун арал болон хотын Шинэ нутаг дэвсгэрийн зүүн хойд хэсэгт 200 гаруй мм хур тунадас орсон гэж мэдээлсэн байна.


Хонконг болон хөрш зэргэлдээх Шэньжэнь хотыг холбосон хилийн хяналтын зарим цэгүүдийн үйл ажиллагаа үерийн улмаас түр зогсчээ. Хонконгийн төмөр замын  "MTR Corp" компанийн одоогоор нэг шугам хаагдаж бусад нь тодорхой хугацааны интервалтайгаар ажиллаж байна. Үерийн нөхцөл байдал баасан гаргийн үд дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.


Баасан гарагт бүх сургуулиуд хичээллэхгүй бөгөөд засгийн газраас ажил олгогчдод хандан ажлын хуваарьт зохицуулалт хийхийг уриаллаа.


Холбоотой мэдээ