Мьянмарын уурхайд хөрс нурсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-16 15:12:55

НЕЙПИДО. /CNN/. Мьянмарын хойд нутагт орших хаш чулууны уурхайд хөрс нурсны улмаас 32 хүн амиа алдсан тухай орон нутгийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч “CNN” телевизэд мэдээлжээ.


Мьянмарын хойд нутгийн Качин мужийн алслагдсан уулархаг Хпакант сууринд ням гарагт хөрсний гулгалт үүссэн гэж тус суурингийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн ажилтан Са Тай Ка мэдээлсэн байна. Дан эрэгтэй хүмүүсийн цогцсууд олдсон бөгөөд нэгээс бусад хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгснийг тэрбээр хэллээ.


Төрийн мэдлийн “Global New Light of Myanmar” сонинд мэдээлснээр, элсэн цохио нурсны улмаас ойролцоох нуур руу ус урсаж, уурхайчид боогдсон байна.


Дэлхий даяар олборлож буй хаш чулууны 70 орчим хувь Мьянмарт ногддог бөгөөд Хпакантад хэдэн тэрбум долларын орлого олдог дэлхийн хамгийн том хаш чулууны уурхайнууд байдаг.


Хөрш Хятадад эрэлт ихтэй хаш чулуу олборлодог энэ салбарт зөрчил маргаан, авлига, мөлжлөг, байгальд хор хөнөөлтэй үйл ажиллагаа зэрэг олон асуудал бугшсан талаар авлигатай тэмцэгч “Global Witness” төрийн бус байгууллага байнга мэдээлдэг. Тус байгууллагын хийсэн тооцоогоор, Мьянмарын хаш чулуу олборлолтын салбар 2014 онд 31 тэрбум ам.долларын орлого олсон нь тухайн жилийн ДНБ-ий 50 орчим хувьтай тэнцүү байжээ.


Гэвч зохицуулалт хангалтгүй тул тус салбарын бодит үнэ цэн тодорхойгүй хэвээр байна. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дүгнэлтэнд "Мьянмарын үнэт чулууны салбар бол дэлхийн хамгийн тодорхой бус салбаруудын нэг" гэж дурджээ.


Уурхайчид нь голдуу Мьянмарын бусад нутгаас ирсэн ядуу цагаачид байдаг бөгөөд хөрсний нуралтын улмаас амиа алдах, гэмтэж бэртэх эрсдэлд байнга өртдөг байна.


2020 онд хүчтэй аадар бороо орсны улмаас Хпакантын хаш чулууны уурхайд хөрс нурж, 160 гаруй хүн амиа алджээ. 2021 онд мөн тухайн газарт ийм гамшиг тохиож байв.

 



Холбоотой мэдээ