CNBC: И.Маск Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Монголд үйл ажиллагаагаа тэлэх талаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-08 18:45:13

ВАШИНГТОН. /CNBC/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар даваа гарагт цахимаар уулзаж, Ази тивийн тус улсад үйл ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцав.


“Талууд цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийн нөөцийг ашиглан “Tesla”-гийн цэнэг хураагуурын үйлдвэрийг Монголд байгуулах боломжийн талаар ярилцлаа гэж Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


Зүүн Азийн тус улс нь эрдэс баялгаар арвин бөгөөд зэс, алт, нүүрсний томоохон орд газруудтай юм.


“Монголын Засгийн газар ногоон технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана гэж уг мэдэгдэлд дурджээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд мөн, Ерөнхий сайд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэж, иргэдээ ийм тээврийн хэрэгсэл хэрэглэхийг уриалсныг онцолжээ.


И.Маск, Л.Оюун-Эрдэнэ нар мөн SpaceX” компанийн хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Starlink-ийн салбарыг Монголд нээх талаар ярилцжээStarlink нь 2022 онд Монголд компаниа бүртгүүлсэн бөгөөд энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.


Өнгөрсөн долоо хоногт И.Маск Хятадын Шадар сайд Дин Сюэсян тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсан юм. “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Хятадад очих үеэрээ тус улсын технологийн дэвшлийг сайшааж, Шанхай дахь “Tesla”-гийн гига-үйлдвэрт зочилжээ.

Холбоотой мэдээ