Япон улсад суралцсан 105 оюутан эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-27 11:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцсан 105 оюутан сургуулиа төгсөөд эх орондоо энэ сарын 26-29-нд ирж байна.


БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” буюу бидний хэлж заншсанаар "1000 инженерийн хөтөлбөр" Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Магистр, Доктор, Зэргийн бус /богино хугацааны сургалт/ нийт 888 оюутан, судлаач багш хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 88.8 хувийг эзлээд байна.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 236, Коосэн хөтөлбөрөөр 145, магистр 31, доктор 56, зэргийн бусаар 291 нийт 759 оюутан, судлаач, багш төгсөөд, эх орондоо ирээд амжилттай ажиллаж байна. Үлдсэн 129 оюутан Япон Улсад суралцаж байна. Энэ удаад Коосэн хөтөлбөрийн 5-р ээлж, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 4-р ээлжийн оюутнууд дараах хуваарийн дагуу ирэх юм.

Япон Улсын Коосэн сургуулийг архитектур /6/, механик инженерчлэл /6/, электроникийн инженерчлэл /3/, мэдээллийн системийн инженерчлэл /16/, цахилгааны инженерчлэл /3/, хүрээлэл буй орчны инженерчлэл /4/ мэргэжлээр суралцсан нийт 38 оюутан энэ сарын 26-нд ирсэн бол өнөөдөр Япон Улсын их сургуулийг  барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл /14/, механик инженерчлэл /16/, архитектур /6/ мэргэжлээр суралцсан нийт 36 оюутан, мөн 29-ний өдөр Япон Улсын их сургуулийг барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл /13/, механик инженерчлэл /14/, архитектур /5/ мэргэжлээр суралцсан нийт 37 оюутан инженер, технологийн чиглэлээр 2 болон 3 жил суралцаад төгссөн нийт 105 оюутан эх орондоо ирэх юм. 


Төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр нь ШУТИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой бөгөөд тус хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж, 91.2 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-д 2,5 жил суралцаад, Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр 2 жилийн хугацаанд суралцаж, хос дипломтой төгсдөг онцлогтой.

Нийт 167 оюутан гэрээний үүргээ биелүүлэн сургуулиа амжилттай төгсөөд, эх орондоо ирснээс төгсөгчийн 149 буюу 91,4 хувь нь барилга, мэдээллийн технологи, тоног төхөөрөмж, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллаж байгаа аж.




Холбоотой мэдээ