The Times: Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-18 09:47:03

ЛОНДОН. /The Times/. Дэлхий ертөнц талцаж хуваагдах нь Монголтой адил улс орнуудад илүү хүндээр тусна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ. 


“Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны орнууд цөмийн шумбагч онгоц бүтээх “AUKUS” түншлэлийн хэлэлцээр зэрэг зэр зэвсгийн төслүүдэд зарцуулж буй хөрөнгө мөнгөө хөгжиж буй орнуудад зориулсан бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.


Барууны орнуудтай цэрэг зэвсгийн талаар улам хүчтэй сөргөлдөж буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэв.


“Их гүрнүүдийн шинэ сөргөлдөөнөөс хөгжиж буй жижиг улс орнууд хамгийн их хохирч үлдэнэ. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм. 


Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зориулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 


Украин руу хийсэн Оросын довтолгоо болон Хятадын өөртөө итгэлтэй байдал улам нэмэгдэж байгаад Барууны орнууд түгшиж байгаа энэ үед Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэсэн асуулт тулгарч байгаа нь жижиг улс орнуудыг хүнд хэцүү байдалд оруулж байгааг Л.Оюун-Эрдэнэ хэлж байна. 


Зүүн Өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид худалдааны түнш нь болох Хятад улсыг тэднээс холдуулах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн. 


“Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм.


Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын зэс, нүүрс, ашигт малтмал болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ юм. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украин шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм. 


“Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо. 


Монгол Улс Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгснөөр НҮБ-ын өмнө таагүй байдалд орсон юм. 


Түдгэлзэнэ гэдэг амаргүй шийдвэр ч гэлээ дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам юм гэж Ерөнхий сайд хэллээ. “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэрбээр асуув. 


Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монгол шиг жижиг улс орнуудад тусаж буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын Холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны нисэх онгоцнуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улс навигацын хураамжийн орлогоо алдаж байна. Хятад Улс “Ковидыг тэглэх” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хаасан нь Монголын худалдаанд бас нөлөөлсөн.


"Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг үр дагавар үзүүлж байна. Зүйрлэж хэлбэл, далайн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг мөргөхөд далай ч байдгаараа, хад ч хэвээрээ л байна. Харин хүчтэй давлагаанд шидэгдсэн далайн амьтад, загас жараахай дунд нь үрэгдэж байдаг” гэж тэрбээр жишээ болгон ярилаа. 

Холбоотой мэдээ