Хоёрдугаар сургуулийнхан ЭЕШ-ын амжилтаараа аймагтаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 14:10:03

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 12 жилийн 2-р сургуулийн хамт олон 2015-2016 оны элсэлтийн ерөнхий ерөнхий шалгалтаар Сэлэнгэ аймагтаа төрийн өмчийн сургуулиудаасаа 1-р байр, нийт 35 сургуулиасаа 2-р байранд шалгарчээ.

Тэд энэхүү амжилтаа баг хамт олны маань хүч хэмээн үзэж байгаа аж. Энэ сургуулийн 12а ангийн төгсөгч Б.Уянга ЭЕШ-аар 800 оноо авч өндөр амжилт гаргажээ. Тус сургуулийн захирал Х.Амарсүрэн үүнийгээ манай сургуулийн багш нарын нөр их хөдөлмөрийн үр шим гэж онцоллоо. Тэрээр энэ дашрамд биднийг дэмжин ажилласан байгууллагууд, эцэг, эхчүүддээ баярлалаа хэмээн эрдмийн баярын энэ өдрөөрөө хэллээ. Эднийх энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа ажээ. Тус сургуулийн эрдмийн баярын нээлтэнд оролцох үеэрээ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэртээ 1987 онд энэ сургуулийн алтан босгоор анх удаа алхан орж, “а” үсгийн ацгийг заалгаж байснаа дурссан юм. Тэрээр 30 нас хүрч байгаа сургуулийнхаа хамт олонд их ойн баярт нь зориулан хоёр ангийн иж бүрэн тавилга, сандал ширээ бэлэглэлээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 12 жилийн 2-р сургуулийн хамт олон хөдөлмөрч, бүтээлч, эвсэг гэсэн тодотголтой. Өнөөдөр энд 60 гаруй багш, ажилчид, 800 гаруй хүүхэд сурч байна. Шинэ хичээлийн жилд 1-р ангийн дөрвөн бүлэгт 130 гаруй хүүхэд элсэн оржээ. Төгсөх ангийн хоёр бүлэгт 54 сурагч суралцаж байна. Энэ сургуулийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь физик, хими, биологи, нийгмийн ухааны хичээлээр аймагтаа төдийгүй улсдаа  байнгын нэгээр жагсдагт оршдог байна.  

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ