ХЭНТИЙ: Хүрээ хийдийг хамгаалах сахиус Шар ороомог буу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-09 16:30:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт XIX-XX зууны үед холбогдох Шар ороомог буу хадгалагдаж буй.
Энэхүү бууг “Ороомог” хэмээн нэрийдсэний учир нь уг бууны гол төмрийн гадуур давхар төмөр ороож, ширээж, давтаж хийснээс үүдээд ийн нэрлэсэн бололтой.

Монголчууд өөр зуураа эв түнжин хагаран, дайн самууны хөл ихтэй үед буюу нарийн тодруулбал 1696 онд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “Жанлавцогзол” /Агийг тохинуулах/ номыг зохиохын хамтаар Алаг ороомог, Шар ороомог, Улаан ороомог гэх гурван төрлийн бууг монгол дархцуулаар бүтээлгэсний нэг нь энэхүү буу юм.
Бүтээгдсэн цагаас хойш 1930-аад оныг хүртэл Алаг ороомог бууг дайн тулааны, Улаан ороомог бууг хутагт хувилгаадын, Шар ороомог бууг хүрээ хийдийг хамгаалах сахиус болгон Балдан Бэрээвэн хийдэд хадгалан үлдээж, шүтэж ирсэн байна.

Шар ороомог буу нь тухайн үедээ Балдан Брэйбун хийдийн Билэг-Өлзийт сүмд залагдаж байсан бөгөөд түүгээр жил бүрийн өвлийн адаг сарын 29-ний сор залсны дараа шашны дайсан “Ландрамыг тонилголоо” гэх нэгэн ёслол үйлддэг байсан хэмээдэг. Балдан Бэрээвэн хийд хэлмэгдлийн шуурганд өртөж нураахад хүрээ хийдийг хамгаалагч сахиус болсон Шар ороомог буу бүрэн бүтэн үлдсэнийг Хэнтий аймгийн Биндэр суманд амьдарч байсан иргэн Б.Довчин хадгалж байгаад 1969 онд аймгийн музейд шилжүүлэн өгчээ.
300 гаруй жилийн настай энэхүү буу нь цахиурт замгаар асдаг таван цэнгийн тугалган сум тавьдаг байсан аж. Түүний урт нь 200 см, өргөн нь 6.2 см, жин 4880 гр юм. Шар ороомог буу нь 1981 онд зохион байгуулсан “Экспо-81” Олон улсын ангийн үзэсгэлэнгээс Алтан медаль авч байсан удаатай.
Холбоотой мэдээ