ӨМНӨГОВЬ: “Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-20 11:17:28

Өмнөговь /МОНЦАМЭ/. Хайгуулын ажлын үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн “Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэлсэн байна. 


Тиймээс цаашид уг газарт олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал газрын тосны газар болон Австралийн Холбооны улсад бүртгэлтэй “Golden Horde” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-ийн хооронд “Номгон-9П” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж байсан юм.


Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана. Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, их даацын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ