ӨМНӨГОВЬ: МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-11 20:47:17

ӨМНӨГОВЬ /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 15 сумын 59 багийн 6678 малчин өрхөд 3.2 сая гаруй толгой мал намаржиж байгаа юм. Өнгөрсөн зуны хувьд хур бороо багатай, нийт нутаг гандсан байдалтай байсан ч малчид отор нүүдлийг өөр аймаг, сумдад тасралтгүй хийж, нийт мал сүргийн 60 гаруй хувь нь дундаж тарга хүчээ авчээ.


Өмнөговь аймаг 2022-2023 оны МАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа 90 шахам хувьтай хангаад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд сум тус бүр 40 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөө ирсний дагуу нөөцийн өвс, тэжээл татах ажлын зардлыг орон нутгаас шийдвэрлэжээ.

Харин нэг худгаас 800 - 3700 толгой мал ундаалж байгаа нь нэг худгаас ус уух малын тоо стандартаас даруй 2-3 дахин хэтэрч улмаар отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал ус уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус шавхах асуудал нэмэгдэж байна. Иймд бэлчээр усжуулалтын 2-р аяныг 2022 онд эрчимтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 сумын 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулан 118 өрхийн 88,5 мянган толгой малыг хямд зардлаар усжууллаа. Мөн төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 60 худаг шинээр гаргахаар төлөвлөж байна. Худгуудыг ашиглалтад оруулснаар Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 58 хувийг усжуулж,  бэлчээр усжуулалт өмнөх оноос 2 хувь нэмэгдэн 60 хувьд хүрэх юм.

Холбоотой мэдээ