ГОВЬ-АЛТАЙ: Мянган туульч Жангар туулийг хайлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-31 08:48:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дэргэд нэн эртний 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн алтай ятга хөгжмийн "Чүрэ" чуулгыг үүсгэн байгуулсан билээ. 



Алтай ятга хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-нд тус аймагт “Жангар тууль”-ийг 1000 туульч хайлах үйл ажиллагаа болох ба үүнтэй холбоотойгоор бэлтгэл сургууль эхлээд байгаа аж.

Тууль хайлах үйл ажиллагаанд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастнууд бүрэн эхээр нь хайлах бөгөөд 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлнэ хэмээн холбогдох албанаас мэдээлэв.


Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн соёлын эрхэм нандин дурсгал, үнэт өв, яруу гайхамшигт үлгэр туульсын нэг бол алдарт “Жангарын тууль” билээ. Жангар нь хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. Жангарын үлгэр анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтны дунд түгээмэл дэлгэрчээ. Тэгэхдээ дан ганц амаар бус бичгийн хэлбэрээр ч нэгэн адил түгэн дэлгэрсэн байна. Жангар туульд монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичсэн аман зохиолын чухал өв соёл учраас зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн олон ард түмний сонирхлыг татаж, олон судлаач эрдэмтдийн судлагдахуун болсон байдаг.

Тус туулийн гол утга санаа нь “Өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар болон дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай ажээ.

Жангар туулийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж тууль болгон хайлсаар иржээ.


Холбоотой мэдээ