СЭЛЭНГЭ: Ээмэг зүүхийн учир
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хүний нүдний хор ихэвчлэн эдэлж
хэрэглэж байгаа сонин содон зүйл дээр тусгалаа үлдээдгийг өвөг дээдэс мэддэг
байжээ.
Өвгөдийн аман яриа, домог сургаалиас
үзэхэд эмэгтэй хүн (ээмэг-тэй хүн) ээмэг зүүх учиртай тул ийнхүү хүндэтгэн
нэрийдсэн байна. Энэ ч үүднээс эрэгтэй хүний сүр сүлд малгай, бүсэндээ, эмэгтэй
хүний сүлд, сүнс хоёр чихэнд нь байдаг хэмээн хууч домогт өгүүлдэг.
Тухайлбал ямар сайхан эмэгтэй вэ?
гэж харц тогтох үед, ээмэг бодлыг нь сарниулж, анхаарлыг эмэгтэйд биш, ээмгэнд
төвлөрүүлдэг байна. Тодруулбал “ямар гоёмсог ээмэг зүүгээ вэ” гэж бодох төдийд
хар, цагаан хэл ам замхран алга болдог гэж үздэг байж.
Тиймээс хууччуул охин хүүхдэдээ аль
болох гялгар гялтгар, гоёмсог ээмэг зүүлгэж атаа жөтөө, хар цагаан хэл амнаас
хамгаалсаар иржээ.
Цаад утга санааг нь ухвал дан ганц
мухар сүсэг бишрэл биш юм. Охин хүүхдийг 16 нас буюу нас биед хүрсэнийг илтгэн
ээмэг зүүлгэх ба охинд биш зүүсэн ээмгэнд нь хүний анхаарал татагдсанаар элдэв
муу муухайгаас хамгаалах гэсэн утга санааг агуулдаг байна.
Мөн эрт үеэс ээмгийг хольж, сольж
зүүхийг цээрлэдэг байжээ. Энэ нь хувь заяа солигдож төөрнө гэж үздэгт байсан
байна. Энэ нь нэг талаар бусдын ээмгэнд шингэсэн муу муухайг өөртөө шингээхгүй.
Нөгөө талаар эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд тавьж, элдэв халдварт өвчин
халдах магадлалыг багасгадаг байсантай холбоотой юм.
Тиймээс чих хоосон бүү яваарай, ээмэг бол хамгийн чухал хамгаалалт шүү хэмээн
өвөг дээдэс захиж иржээ.