ГОВЬ-АЛТАЙ: Нэгдүгээр ангийн 200 гаруй сурагч шүдний үзлэгт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2024 оны А/413, А151 дүгээр хамтарсан тушаалын дагуу сургуульд суурилсан эрт илрүүлгийн суурь болох “Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг орон нутагт өрнүүлж байна.
Эрт илрүүлгийг Говь-Алтай аймаг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлж эмч, мэргэжилтнүүд, шүдний хувийн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй. Одоогоор шүдний эрт илрүүлгийг 7 сум, 1 тосгоны эрүүл мэндийн төвд гэрээт хувийн шүдний эмнэлэг болон эрүүл мэндийн төвийн шүдний эмч нар зохион байгуулж, хамрагдвал зохих 250 хүүхдийн 83.6 хувийг хамруулан тусламж үйлчилгээг үзүүлсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.
Мөн нүдний эрт илрүүлэг үзлэг хийх сургуулийн эмч, нийгмийн ажилтан, багш нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж, үзлэгийг аймгийн төвийн сургуулиас эхлүүллээ.