ДОРНОГОВЬ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Даланжаргалан сум дахь "МАК" ХХК-ийн аж үйлдвэрийн төслүүдтэй танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэрийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.
Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд "МАК" ХХК Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байна.
“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцсан байна.
Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.
Мөн Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг тус компани ашиглалтад оруулжээ.
Энэ нь зүүн хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан.
Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ үед барилгын материал, түүхий эд тасалдахгүй байх нь чухал учир төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгсөн байна.
Маргааш Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймгийн Сайншанд суманд хуралдана.