ӨМНӨГОВЬ: Аймгийн хүүхдийн байгууллагыг 1991 онд хүүхдийн төлөө хэлтэс нэртэйгээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.
Өмнөговь
аймаг түүхт ойг угтан “Хүүхэд-100” үйл ажиллагааг зохион байгуулж, нээлтийг
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Ойн
баярыг угтан 15 сумын хүүхдүүдийн дунд дууны уралдаан, хүүхэд 100 зуслангийн
хөгжлийн хөтөлбөр зэрэг төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулжээ.
Өмнөговь аймгийн хүүхдийн байгууллага нь эвлэл, пионерийн байгууллагын суурин дээр 1991 онд Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр хүүхдийн төлөө хэлтэс, 1997 онд Хүүхдийн төлөө төв, Гурвансайхан хүүхдийн зуслан, 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 12 дугаар сард Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нэртэйгээр хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцоог дэмжих үйл ажиллагааг явуулж иржээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар тус байгууллагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулсан юм.
Түүхт 100 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө төвийн ахмад
ажилтан Ц.Сувдмаа, С.Энэбиш, Ц.Дэндэв, ахмад
багш Т.Цэцэгээ нарыг шагнасан бол Алтан гадас
одонгоор хүүхдийн
байгууллагын ахмад ажилтан Х.Нарантуяа, Н.Цэрэнханд, Т.Бадамханд, Б.Мөнхдэлгэр,
Өмнөговь аймгийн Хүүхдийн зуслангийн эмч Ж.Энхтуяа нар тус тус шагнууллаа.
Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн У.Уянга, Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Т.Золжаргал нар тус тус шагнуулжээ.
Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө төвийн ахмад ажилтан Ц.Сувдмаа:
Монголын хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Монголын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр төр засагтаа ажлаа үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа туйлын их баяртай байна. Би төрийн байгууллагад нийтдээ 37 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Ингээд юуны өмнө энэ төрийн дээд өндөр шагналыг хүртэхэд хамт ажиллаж байсан ажлын хамт олон, үе үеийн удирдлагууд, үйл ажлыг минь үргэлж дэмжиж ард минь тулж түшдэг хань ижил, үр хүүхдүүддээ баярлалаа. Мөн төр засагтаа миний хөдөлмөрийг үнэлж том шагнал өгсөнд баяртай байна.