СҮХБААТАР: Дарьганга марзайн анхдугаар уралдааныг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тэргүүний ардын авьяастан, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Д.Цагаан агсны нэрэмжит Дарьганга марзай болон хурдан морь, бөх цоллоочдын анхдугаар уралдааныг Халзан суманд зохион байгуулж байна.
Энэхүү уралдааныг аймгийн СУАЖЗГ, Халзан сумын Соёлын төв хамтран Халзан сумын түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулж, Д.Цагаан агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж байна.
Дарьганга марзай бол соёлын үнэт биет бус өв, хурдан морины томоохон соёлын
нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд Дарьгангынхны энэхүү үнэт өв мартагдаж, үгүй болоход ойрхон болсныг олж харсан
ахмад сэтгүүлч Я.Түмэннастын санаачилгаар Сүхбаатар аймгийн СУАЖЗГ-аас
“Дарьганга марзай” хөтөлбөрийг 2024 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, ЕБС-ийн сурагчдад зориулсан тусгай сургалтыг явуулсан
байдаг. Дарьганга марзайг уламжлалт арга барилаар нь зөв дуудах сургалтыг Д.Цагаан агсны ач хүү, СББӨ-ийг
өвлөн уламжлагч Б.Батмөнх удирдан явуулсан юм.
Энэхүү сургалт,
хөтөлбөрт аймгийн
хэмжээнд 780 орчим хүүхэд хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээ өнөөдөр үзэж байна.
Анхдугаар уралдааныг 12 сум, аймгийн төвийн ерөнхий
боловсролын дөрвөн сургуулийн 24 хүүхэд зорин иржээ.
Мөн Д.Цагаан
агсны үр хүүхэд, ач зээ,гуч нар газар газраас зорин ирсэн нь уралдааны ач холбогдол, цар хүрээг илтгэнэ.
Д.Цагаан агсан нь уртын дууг маш сайхан дуулдаг,
нутгийнхаа наадам болгоны азарганы уралдааны гарааг эхлүүлж, тогтмол марзайлдаг байжээ. Хожим өндөр насанд хүрсэн хойноо ч энэ заншлаа үргэлжлүүлсээр байсан тухай үр хүүхдүүд нь дурсан
ярьж байлаа.