ӨМНӨГОВЬ: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль өнөөгийн шаардлагыг хангахгүй тунхгийн шинжтэй байгааг сэтгүүлчид хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-11 19:09:53

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форумыг Орхон аймагт тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Хэвлэл мэдээллийн VI форумыг орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн ёс зүй сэдвийн хүрээнд зохион байгуулж, 21 аймаг, нийслэлээс ХМХ-ийн төлөөлөл 100 гаруй сэтгүүлч оролцлоо.




Форумын нээлтийн үйл ажиллагаанд МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр тэргүүтэй салбарын тэргүүлэгчид, Орхон аймгийн удирдлагууд оролцсон юм.

 

Энэ удаагийн форумд Өмнөговь аймгаас 11 төлөөлөл буюу хамгийн олон сэтгүүлч хамрагдлаа.



 

Форумыг нээж МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүн М.Балжинням үг хэлэхдээ,

"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа цаг үед орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум болж байгаа нь ач холбогдолтой. Салбар бүрд асуудал бэрхшээл тулгарч байдагтай адил хэвлэл мэдээллийн салбар ч мөн адил онцлог цаг үеийг туулсаар явна. Мэдээллийн эрин үе хурдацтай хөгжиж контент үйлдвэрлэл ХМХ-ийн үүргийг биелүүлж байгаа мэт харагдавч бид сэтгүүл зүйн зарчим, онцлог, хэв шинж зэрэг мэргэжлийн нарийн үнэт зүйлүүдийг авч үлдэх ёстой” гэсэн  юм.

 

МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

 "Энэ удаагийн VI форум бол хууль эрх зүй, тэр дундаа УИХ-д хэлэлцэж байгаа хуулийн хүрээнд орон нутгийн ХМХ-ийн ажиллах таатай орчныг хэрхэн бүрдүүлэх, аймаг орон нутгийн удирдлагууд тэдний эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлөхгүй хэрхэн хамтран ажиллах вэ зэрэг олон чухал асуудлыг форумд оролцож байгаа сэтгүүлчид хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид хэвлэл мэдээллийн тухай шинэчлэн найруулсан хуулийн төслийг батлуулах гэж яарахгүй байгаа. Маш сайн нягтлан шинжилж байж батлуулна. Энэхүү шинэ хууль нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг хамгаалж, хууль бус хязгаарлалтаас урьдчилан сэргийлж, олон ургалч үзэл, олон талт байдлыг хангана гэдэг итгэлтэй байна" гэлээ.


Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр

-Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форумаас гаргасан та бүхний санал зөвлөмж эрх зүйн орчны шинэчлэлд тусаж ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим сэтгүүлч уран бүтээлчид ажилладаг тоо бий. Үүнээс Монголын МСНЭ-д 1600 гаруй хүн бүртгэлтэйгээс 350 гаруй нь орон нутагт ажилладаг. Орон нутгийн хамгийн том төлөөллийг Эрдэнэт хотын хэвлэл мэдээллийн салбарын хамт олон эзэлдэг. Манай орон нутгийн 60 гаруй төрийн байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэхэд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус салбарын хамт олон нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймээс Орхон аймгийн ЗДТГ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай жил бүр тогтмол хамтран ажиллаж, төрийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй хурдан шуурхай иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. Эрдэнэт хоттой холбоотой мэдээ мэдээлэл хэзээд та бүхэнд нээлттэй байх болно" гэв.


Форумд урилгаар илтгэгч Ph.D Б.Болормаа “Орон нутгийн хэвлэл мэдээлэл-Олон улсын туршлага сэдвээр, илтгэгч Ph.D Ж.Цэсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим, гүйцэтгэх үүрэг сэдвээр илтгэл тавьсан бол “Глобал Монголиа” сэтгүүлийн эрхлэгч Х.Хорлоо “Орон нутгаас олон улсад ажиллах боломж”, “Эрдэнэт инфо” сайтын эрхлэгч Э.Одсүрэн “Орон нутгийн хэвлэл мэдээллээр хэрхэн бизнес хийж болох вэ?” зэрэг сэдвээр туршлагаа хуваалцлаа.




Орон нутгийн сэтгүүлчид “Орон нутгийн хэвлэл мэдээллийн өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Хэлэлцүүлгээр ажлын байрандаа элдэв эрсдэлгүй, айдасгүй ажиллах эрх зүйн орчныг хуулиар хамгаалуулах хэрэгтэй байгааг онцоллоо. Монголын ХМХ-ийн эрх зүйн орчны судалгаагаар 112 хууль байдгаас хязгаарласан шинжтэй 65 хууль, дэмжсэн шинжтэй 5 хууль, тэр дотроос цөөхөн заалтууд нь дэмжсэн хууль байдаг. Харин бусад нь дандаа үүрэгжүүлсэн хэлбэртэй хуулиуд байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль өнөөгийн шаардлагыг хангахгүй тунхгийн шинжтэй байгааг сэтгүүлчид ярилаа. Иргэдийн мэдэх эрхийн төлөө ажилласнаараа сэтгүүлчид хуулийн хариуцлага хүлээж цагдаад дуудагддаг байдлыг таслан зогсохын тулд хэвлэл мэдээллийн тухай шинэчлэн найруулж байгаа хуулийг маш сайн хийх хэрэгтэй байгаа талаар санал нэгдлээ.




Зууны манлай бүтээн байгуулалттай Эрдэнэт хотын хөгжил дэвшлийг орон нутгийн сэтгүүлчид үзэж танилцлаа.

Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй ажиллаж байгаа төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон хариуцлагатай уул уурхайн томоохон төслийн сонгодог жишиг, загвар юм. Тус үйлдвэрт долоон мянга орчим ажилтан ээлжээр 24 цагаар ажиллаж байна.




”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар, механикийн завод гэсэн үндсэн дөрвөн цех болон Геологи, хайгуулын экспедици, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех, Тээвэр, ложисткийн төв, Цахилгаан цех, Ус хангамжийн цех зэрэг үйлдвэрлэлийн туслах, дэмжих чиглэлийн 10 гаруй цех, нэгжүүдтэй. Сэтгүүлчид ил уурхай болон засвар механикийн заводоор орж танилцсан юм.


 

Ийнхүү орон нутгийн сэтгүүлчид жилдээ нэг цуглаж салбарын хүрээнд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж ярилцахаас гадна бүс нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцдаг билээ.


Дараа жилийн орон нутгийн форумыг Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ