БАЯН-ӨЛГИЙ: Төмсний хэрэгцээний 95 хувийг дотооддоо хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ жил төмсний хэрэгцээнийхээ 95
хувийг дотооддоо хангана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
Б.Нургулан мэдэгдлээ.
Тэрээр, "Өмнөх жилүүдэд манай аймаг төмсний хэрэгцээнийхээ 90-ээс дээш
хувийг дотооддоо хангадаг байсан. Харин энэ жил ургацын урьдчилсан балансаар 95
хувьд хүрэхээр байна. Ойрын 4 жилийн хугацаанд төмсний хэрэгцээгээ 100 хувь,
хүнсний ногооны хэрэгцээний 35 хувийг дотооддоо хангахыг зорьж байгаа. Өнгөрсөн
онд хүнсний ногооны хангалтын түвшин 17 хувьтай гарсан. Харин уг үзүүлэлт энэ
жил 21-22 хувьд хүрэх урьдчилсан тооцоотой байна" хэмээн хэлэв.
Баян-Өлгий аймгийн тариачид өнгөрсөн хавар 1380 га талбайд тариалалт хийсэн
ба талбайн хэмжээ нь өмнөх оныхоос 80 га-гаар нэмэгдсэн. Үүнээс ургацын
урьчилсан балансаар 4270-4300 тонн ургац хураан авах боломжтой хэмээн үзсэн
байна. Тус аймагт ургац хураалтын ажил үргэлжилж байна.