Өвөрхангайн тариалангийн талбай хүчтэй мөндөрт цохигдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 16:09:32

Өчигдөр буюу 8 сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Хархорин сумын Дулааны ар хэмээх газар тариалангийн талбайд хүчтэй мөндөр буусны улмаас сүүн болцоос аарцан болцод шилжсэн байсан тариалалт мөндөрт цохигдсон байна. Хохирлын үнэлгээг тогтоохоор аймгийн ХХААГ, МХГ, ОБГ-аас ажлын хэсэг томилогдоод байна.

Энэ тухайд аймгийн агрономич Д.Батцэнгэлээс тодруулахад “Түр зуурын хүчтэй мөндөр орсны улмаас Хархорин сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Далай-Од, Зулзган ой зэрэг аж ахуйн нэгжүүдийн тариалсан талбайд хохирол учирсан. Бидний авсан мэдээгээр ургац нэлэнхүйдээ налж унасан гэж байгаа учраас ногоон тэжээлд шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн байх. Бид хохирлыг газар дээр нь очиж тогтоохоор явах гэж байна “гэлээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хавар 10846,9 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 5703,7 га-д үр тариа, 3587 га талбайд тосны ургамал, 975,5 га-д малын тэжээл, 375,1 га-д төмс, 205,6 хүнсний ногоо тус тус тариалж, энэ нь урд оноос 4157 га талбайгаар нэмэгдсэн байна. Хэдийгээр энэ зун бороо ус ихтэй байсан ч Өвөрхангай аймгийн тариалалтад эрсдэл учраагүй байсан ба улаан буудайн үйлдвэрлэл 1440 га буюу 28 хувиар, уринш боловсруулалт 5115 га буюу 53 хувиар нэмэгдэх төлөвтэй байжээ.

Улаанбуудайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр орон нутагтаа Алтайский-70 сортын үртэй болох төлөвлөгөөтэй байсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ