Японы ҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-27 18:13:01
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнгөрсөн долоо хоногт Япон улсын төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авсан бол өнөөдөр Японы ҮОХ-нд зочлон ОУОХ-ны гишүүн, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч Ясухиро Ямашита болон Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ахлах гишүүн, Япон улсаас БНХАУ-д Элчин сайд асан Ёокой Ютака нарын албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 


Уулзалтын үеэр МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлэх гэж буй "Олимпик арена" спортын цогцолбор барих төслийг танилцуулснаас гадна спортын барилга байгууламжийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ашиглалтын зардал багатай барих тал дээр арвин туршлага бүхий Япон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, туршлага судлах асуудлыг мөн хэлэлцсэн байна.


Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч Ясухиро Ямашита нь "Лос Анжелес 1984" Олимпын наадмаас жүдо бөхийн төрөлд алтан медаль, 1979, 1981, 1983 оны жүдо бөхийн ДАШТ-ны алтан медалийг тус тус хүртэж байсан бөгөөд 2019 онд Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, 2020 оноос ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


Холбоотой мэдээ