Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсгол зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонсголыг нээж хэлсэн үгэндээ, нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах, мадээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулах эсэхийг олон нийтэд таниулах зорилготойг онцлов. Энэ нь нэг талдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тодотголоо.
Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж. Холбогдоох хууль, журамд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд 18 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг цахимаар болон шуудангаар авсан ба иргэдээс нэр дэвшигчидтэй холбогдуулан тусгайлсан асуулт ирээгүй бөгөөд 6 иргэн оролцогчоор оролцохоо илэрхийлснээс өнөөдөр Б.Уянга, Э.Эрдэнэхишиг, Б.Төрболд нар оролцон, нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдын танилцуулга:
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Дэмбэрэлийн Батбаатар 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй.
Yндэс угсаа: Халх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсролын байдал:
-1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,
-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
-1999-2000 онд “Хүчит шонхор” ХХК-д байцаагчаар,
-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,
-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,
-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,
-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,
-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нямдоогийн Баярмаа 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй.
Yндэс угсаа: Халх, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсролын байдал:
-1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,
-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,
-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,
-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,
-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,
-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,
-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,
-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,
-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.