“Татвар төлөгчдийн өдрүүд”-йиг “Та-баялаг бүтээгч” уриатай тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-09 17:31:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэж байна. Энэ талаар аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


- Татвар төлөгчдийн өдрүүдээр ямар онцлог ажил зохион байгуулж байна вэ?

- Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулснаас хойш 23 жил болж байна. “Та-баялаг бүтээгч”, “Хариуцлагатай иргэн та төлсөн л бол баримтаа аваарай” уриан дор цахимаар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран энэ жилийн ажлаа зохион байгуулж байна. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол зорилго төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчдөдөө “баярлалаа” гэж талархал илэрхийлэн, татвар төлөгчдөө алдаршуулах л үндсэн зорилготой юм. Энэ өдрүүдэд уламжлал болсон үйл ажиллагаа шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан алдаршуулж, олон нийтэд танилцуулдаг. Мөн татварын хууль тогтоомжийн чиглэлүүдээр сургалт хийх, арга зүйгээр хангах, мэдээлэл өгөх чиглэлээр аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Татварын хууль тогтоомжийг сурталчлах мэдлэг олгох зорилгоор ирээдүйн татвар төлөгчдийн дунд уламжлал болгон гар зургийн уралдаан, шилдэг контент шалгаруулах уралдаан зэргийг зохион байгуулдаг. Энэ бүх уралдааныг цахим болон танхимаар зохион байгуулж байна.

- Төсвийн орлогын төлөвлөгөөг өнгөрсөн онд нэлээд давуулж биелүүлсэн. Энэ оны хувьд ямар байна вэ?

- Өнгөрсөн оны хувьд бол дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зарим салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон хүнд цаг үед манай бизнес эрхлэгч баялаг бүтээгч нар маань үр бүтээлтэй ажилласан. Татвар төлөгчид татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, зарим салбарын үйл ажиллагаа эдийн засгийн хувьд өсөлттэй явж байсан учир 2021 оны хувьд төсвийн орлогыг биелэлт 124 хувиар биелүүлсэн. 2022 оны эхний 4 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөөг 114 хувь биелүүлээд байна.

- Хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Аймгийн хэмжээнд хэчнээн татвар төлөгч энэ боломжийг ашигласан бэ?

- Татварын шинэчлэлийн хүрээнд татварын багц хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхлээд 3 жилийн нүүр үзэж байна. Энэ шинэчлэлээр татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдэд олон хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж болох боломжийг бий болгож өгсөн. Үүний үр дүнд 2022 оны 1-р улиралд 2021 оны жилийн эцсийн тайлангаа үнэн зөв бодитойгоор шударгаар тайлагнаж, хуулийн хугацаанд татвараа төлсөн 12 хуулийн этгээдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар 118,009.8 мянган төгрөгийн татварыг буцаан олголоо. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар чөлөөгдөх үйл ажиллагаа эрхэлдэг дөрвөн хуулийн этгээдийн 837,396.3 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг татвараас чөлөөсөн. Хувь хүний орлогын албан татварын хуулиар орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөө үнэн зөв тайлагнаж ирүүлсэн 769 иргэний 471,230.9 мянган төгрөгийн татварыг буцаан олгоод байна.

- Цаашид ямар хийхээр төлөвлөж байна вэ?

- Татварын Ерөнхий газраас 2022 оныг “Татварын боловсролын жил” болгон хоёр дахь жилдээ зарласантай холбоотойгоор цаашид аймгийнхаа хэмжээний татвар төлөгч иргэн, хуулийн этгээдүүдэд татварын хууль, тогтоомжийг сурталчлан, үүсэх эрсдэлийг бууруулах, хуулиар хүлээсэн эрх, үүргийг таниулах зорилгоор татварын хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зөвлөгөө, арга зүйгээр хангах ажлыг танхимаар болон цахимаар зохион байгуулах тусгай төлөвлөгөө гарган төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мөн хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу иргэн бүр тайлан гаргах зохицуулалттай болсон. Аймгийн хэмжээнд 38 мянга гаруй иргэн тайлан тушаах үүрэгтэй байгаа боловч тайлан тушаасан байдал 20,0 гаруй хувьтай явж байна. Тиймээс иргэн бүрээс тайлан хүлээн авах ажлыг өргөн цар хүрээтэйгээр нийтийг хамарсан байдлаар зохион байгуулан иргэн бүр тайлангаа хуулийн хугацаандаа илгээж хэвшүүлэх зорилготой ажиллаж байна.

Санхүүгийн анхан шатны баримт цахим болоод олон жил болж байгаа боловч орлого зардлаа цахимд тухай бүртгэж татварын тайлан тооцоогоо гаргах ажил удаашралтай байгаа. Тиймээс бизнес үйл ажиллагаа эрхлэгчдийг тухай бүр баримт олгох, худалдан авагчдыг баримтаа авдаг болгон хэвшүүлэх ажлыг энэ жилийн турш зохион байгуулан ажиллахаар төлөвлөгөөнд тусгагдаад ажиллаж эхлээд байна.

- Ярилцсан танд баярлалаа.

- Хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, улс орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт баялаг бүтээгч татвар төлөгч та бүгдэдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ