Энэтхэг улс ЕХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээнд хурдацтай ахиц дэвшил гаргахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-03 10:12:03

БЕРЛИН. /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди даваа гарагт Германд айлчиллаа. Тэрбээр тус улсын Канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Шинэ Дели ЕХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээнд хурдацтай ахиц дэвшил гаргахыг зорьж байна гэв.


Энэтхэг улс мөн Германтай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг гэдгийг тэрбээр нэмж хэллээ. "2022 оны анхны гадаад айлчлалаа Германд хийж байгаадаа баяртай байна" гэж Н.Моди цохон тэмдэглэсэн байна. 


"Өнөөдөр бид экологи, тогтвортой хөгжлийн чиглэлээр Энэтхэг-Германы түншлэлийг эхлүүлж байна. Бид "ногоон" устөрөгчийн асуудлаар ажлын хэсэг байгуулснаа мэдэгдэж байна" гэж Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн нэмж хэлжээ. 


Харин Германы Канцлер Олаф Шольц хэлэхдээ, Украины эсрэг Оросын түрэмгийллийн талаар санал зөрөлдөөн байгаа хэдий ч Герман, Энэтхэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна гэв.


Шольцын хэлснээр, Герман улс уур амьсгалыг хамгаалах, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг хөгжүүлэх хамтарсан төслүүдэд 2030 он хүртэл 10 тэрбум евро хуваарилна. Берлинд болсон хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр шилжилт хөдөлгөөний тухай цогц гэрээнд, түүнчлэн "ногоон" устөрөгчийг үйлдвэрлэх, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай 14 тунхаг бичигт гарын үсэг зурсан байна.


Холбоотой мэдээ