Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-22 16:32:57

НЬЮ-ЙОРК. /UNEP/. Олон улсын эх дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог. Энэ өдрийн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдол, ойн хомстол, дэлхийн дулаарал зэрэг дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог.


Энэ онд эх дэлхийн өдрийг “Байгаль дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулж байна. Дэлхий нийт уур амьсгалын сүйрэл гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 ондоо багтаан 50 хувиар бууруулах шаардлага тулгараад байгаа юм. Зарим хүмүүсийн хувьд ийм амбицтай зорилтууд нь эмээх түгших мэдрэмжийг төрүүлдэг бол уур амьсгалын хямралтай тэмцэхэд хувь хүмүүс тус дөхөм болох олон алхам байгааг эх дэлхийн энэ өдрөөр мэргэжилтнүүд онцолж байна.


Энэхүү жагсаалтын эхэнд Засгийн газар, аж ахуй нэгжүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шахалт үзүүлэх бичигдэж байна. “Уур амьсгалын хямралын талаар бодож эргэцүүлэхэд хүнд хэцүү байж болох ч бид бүхэн яг одооноос хүчин чармайлт гаргаж эхлэх хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн хамтын хүчээр хорт хийн ялгарлыг эрс бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бий болгож чадна” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн /UNEP/ Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн зохицуулагч Никлас Хагельберг ярьжээ.


Саяхан Байгаль орчны хөтөлбөр ард иргэд Засгийн газар болон аж ахуй нэгжүүдийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлт гаргахад хэрхэн шахалт үзүүлэхийг харуулах “Act Now: Speak Up” кампанит ажлыг эхлүүлжээ. Үүний зорилго нь дэлхийн дулаарлыг эх дэлхийн “улаан шугам” гэгдэж буй аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чухал ач холбогдолтой тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхэд оршиж байна.


“Act Now: Speak Up” кампанит ажлын хүрээнд уур амьсгалын хямралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломжтой дараах алхмуудыг нэрлэжээ. Үүнд байгаль орчны тогтвортой байдлыг хангах Засгийн газруудын үйл ажиллагаанд иргэд чухал үүрэг гүйцэтгэдэг учир эрх баригчдадаа уриалга гаргаж, шахалт үзүүлэх, аж ахуй нэгжүүд эх дэлхийгээ хамгаалахын сацуу өөрсдийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэхийг бизнесүүдэд уриалах, мөн нийгмийн хариуцлагатай санхүүгийн институциудэд хөрөнгө оруулснаар тогтвортой хөгжлийг дэмжих, хүрээлэн буй орчны асуудлууд улам бүр нэмэгдэж буй үед сайн дураараа нийгмийн ажилд оролцох зэргийг оруулсан байна. 

Холбоотой мэдээ