Усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-01 11:53:51

Усны ослоос урьдчилан сэргийлэх, усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлага олгох сургалт Сэлэнгэ аймагт эхлээд байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангиас аврагч, гал сөнөөгч мөн өсвөрийн аврагч клубын гишүүд, хүүхдүүдэд зориулсан “Урсгал уснаас болон тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг эхлээд байна. Дэлхийн Зөн Монгол олон Улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь Онцгой байдлын газрын даргын 2016 оны “Сургалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу хийж байгаа аж. Тус сургалт нь долдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 03-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах гэнэ. Энэхүү урсгал уснаас болон тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүннуур”, Сүхбаатар сумын “Орхон” голуудыг түшиглэн хийж байгаа юм.  

Тус сургалтанд ЕБС-ийн Өсвөрийн аврагч клубын гишүүд, зусланд амарч байгаа хүүхдүүд болон Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд хамрагдаж байна. Сургалтанд оролцогчдод усны ослоос урьдчилан сэргийлэх, усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлага олгох юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ