Үйлдвэр, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай олгохоор хуулийн төсөлд тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-12 17:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Уг хуулийн төслийг УИХ-ын С.Бямбацогт нарын 14 гишүүн өнгөрсөн сарын 29-нд өргөн мэдүүлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.14-т “уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулах”, 8.1.9-т “хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн 33 паркийг бүсчлэн байгуулах” гэж заасан. УИХ-аас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.


УИХ-ын Тамгын газраас хийсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд, “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай" гэж дүгнэжээ.


Хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон гэж хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт танилцуулгадаа онцлов.


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд 2009 онд баталсан хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан, үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах бодлого, чиглэлийг яаж зохицуулах, газрын асуудлыг хэрхэн шийдэх, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, удирдлага болон хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг асуудлыг хөндөв.


Хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулна.  Паркийн талаар баримтлах төрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчит парк болон бусад парк гэсэн төрөлтэй байхаар төсөлд тусгажээ. Паркийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох бөгөөд 15 жилийн хугацаатай байхаар тооцсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа дурдлаа. 


Ийнхүү санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ