Л.Оюун-Эрдэнэ: Валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлэхэд анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-06 20:30:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, үг хэлэн байр сууриа илэрхийлэв. Гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад хүнсний стратегийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийн асуудалд анхаарч ажиллах,  өмнө нь хэрэгжүүлж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн алдааг давтахгүй байхыг онцгойлон анхааруулж байлаа. 


Түүнчлэн ОХУ экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхээ мэдэгдсэний хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон хуулийн төслийн хүрээнд малчдад чиглэсэн дэмжлэгийн талаар лавлаж байлаа. Мөн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулахаар хуулийн төслийг өргөн мэдүүлснээс гадна эдийн засгийн хүнд байдлыг даван гарахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан. 


Эдийн засаг хүндэрсэн бодит байдал нүүрлэсэн тул Засгийн газар шийдэл гаргаж хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариултдаа тодотгохын зэрэгцээ нөхцөл байдал хүнд байгаа ч сөрж гарахаас өөр сонголтгүйг онцлов. Мөн тэрбээр, "Маргааш болох эдийн засгийн форм дээр бид том төслүүдээ урагшуулах шийдлийн талаар хамтдаа ярилцана. Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудалд өр тэглэгдэж, өмнөх алдаанууд засагдаж, УИХ тодорхой шийдэл гаргасан нь дэлхий дахинд эерэг мессэжийг өгсөн. Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын монголыг зорин ирэх урсгал идэвхжиж байна. Ялангуяа гурав дахь хөрш орнуудаас төсөл, хөтөлбөрүүдийг сонирхож Ерөнхий сайдын хувьд олон уулзалттай байгааг хариултдаа тодотгоод зарим томоохон хөрөнгө оруулалт Монгол Улсын газар нутагт хэрэгжихтэй холбоотой валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлэх асуудал дээр ажиллаж байна. Ойрын үед 4-5 шийдэл гарна. Гэхдээ тухайн үед нь хэлэх нь зүйтэй болов уу"  хэмээж байлаа.


"ОХУ шатахуун, байгалийн хий зэрэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийхээ төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хийхээ мэдэгдсэн. Манай улсад рубль байдаг бол энэ нь таатай нөхцөл. Гэхдээ энэ нөхцөл байдлаас гарахын тулд сүүлийн 10 жил Монголбанк, ОХУ-ын төвбанктай ярилцаж байна. Өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулаад нааштайгаар шийдэх болов уу гэж хүлээлттэй байгаа. Хоёр орны төв банкны хооронд үндэсний мөнгөн тэмдэгтүүдээрээ солилцоо хийвэл долларын дарамтаас бага ч болов хөнгөвчлөх боломжтой"-г Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа тодотгов. Жилийн хэрэгцээнд шатахууны төлбөрт оргил үедээ 1.8 тэрбум ам.доллар байдаг бол одоогоор үнэ өсөөд 1.4-1.5 тэрбум ам.доллар зарцуулж байгааг дурдаад, он дуустал тэрбум ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл энэ хэмжээгээр валютын нөөцийн дарамт буурна гэж байлаа.


Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы өгсөн мэдээгээр, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн төв суурин газрын хүн амын махны хэрэглээг хангах, үнийг тогтвортой байлгах хүрээнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 аж ахуйн нэгжид олгож, нийт 12.7 мянган тонн мах нөөцөлжээ. Гуравдугаар сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гарган ирэх долдугаар сарын 10 хүртэл хямд үнээр чанартай махаар хангах боломж бүрдүүлснийг тодотгов. Тэдгээр аж ахуйн нэгжүүд 98 тэрбум төгрөгийг зээлж зах зээлд гаргасан нь эргээд малчдад орлого болж очиж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Түүнчлэн тэрбээр, махны үнэ нийт хэрэглээний үнийн инфляцид дангаараа 20-21 хувиар нөлөөлдөг нь өндөр үзүүлэлт гэдгийг онцлоод, махыг хангамж, үнийг барих зорилгоор хуулийн төсөлд уг асуудлыг тусгасан гэв.


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 57 гишүүний 75.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 



УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хуулийн төсөл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр, "Хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулиар бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалт туссан" хэмээв. Гишүүдээс эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад гол нэрийн стратегийн хүнсний бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон чухал санал гаргасныг дурдаад, энэ асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засгийн Байнгын хороонд чиглэл болгов. 


Мөн гурван асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүдээс хүслээ. Нэн тэргүүнд Монголбанк болон сайд нарын мэдээлэлд үндэслэж нийгэмд зөв  дохио, мэдээлэл хүргэх, валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх асуудалд зүй зохистой хүлээлт үүсгэх шаардлагатайг тодотгож байлаа.  Валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь экспортыг нэмэгдүүлэх явдал гэдгийг УИХ-ын дарга онцлохын зэрэгцээ алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал, энэ талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан гэв. Тэрбээр, "Оюутолгой ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг оруулж ирэх бөгөөд 50 хувийг Монголбанкинд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг байсан бол одоо 100 хувь Монголбанканд тушааж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК- нь 300 сая ам долларын гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байна. Үүнийг яаралтай борлуулах арга хэмжээ авах шаардлагатай байна. Нийтдээ 2 тэрбум ам доллараар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгаа" хэмээгээд, энэ асуудалд Засгийн газар, Монголбанк холбогдох байгуулагууд шуурхай ажиллахыг анхаарууллаа. 


Мөн тэрбээр,  "Хэмнэлтийн асуудлаар өмнө хэлсэн үгээ дахин давтаж хэлмээр байна. Миний хэлсэн үгийг “ард түмний бүсийг чангалуулах” гэлээ гэж мушгисан. Үнэндээ бол валютын нөөцөө хэмнэж, ханшаа тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлт, шинэ сэргэлтийг хангахын тулд нийт улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Дэлхий дахин ийм хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглээд хэмнэлтийг дээрээсээ буюу төрийн байгууллагаас эхлэх ёстой. Эхний ээлжинд төрийн бүх шатны байгууллагууд төсвийн зарцуулалтаа дахин хянаж, тэвчиж болох бүхий л зардлыг танах хэрэгтэй. Ахмад настны тэтгэвэрийг нэмж, 630 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг  танасан. Энэ нь хэмнэж болох боломж байсныг харуулсан. Үүнээс ч илүүг хэмнэх бололцоо байна гэв. 


Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  нарын 20 гишүүн өргөн барьсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ хяналт шалгалтын ажил анх удаа шинэ шатанд гарч байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр төрийн бүх шатны байгууллагын дарга, сайд нарт авлигал албан тушаалын хэргээс ангид ажиллахыг сануулаад  дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарлаа хандуулж, зөв оновчтой шийдвэр гаргахын төлөө хичээж ажиллахыг гишүүдэд уриаллаа. 

Холбоотой мэдээ