Ч.Амгалан: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариаланчид жимс, жимсгэний тариалалтыг 10 хувь нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-06 11:54:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалантай ярилцлаа.

- Саяхан тариаланчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ ажлын онцлог зүйлийн талаар тодруулна уу?

        - Сүүлийн жилүүдэд “Ковид-19” цар тахлын улмаас аймгийн эдийн засгийн гол салбарын нэг болсон газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, жил болгон тэмдэглэж ирсэн ургацын баярыг зохион байгуулж чадаагүй. Харин энэ удаа “Булганхангайн тариаланчдын сургалт, зөвлөгөөн, ургацын баяр”-ыг хийлээ.

Энэ үйл ажиллагааны онцлог нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн захирал, эзэд, тариаланч, механикжуулагч, ногоочид, жимсчид, орон нутагт газар тариалангийн салбарын бодлого, зохицуулалт хариуцдаг сумын Засаг даргын орлогч, мэргэжилтэн, тэдэнтэй ажил төрлийн холбоотой ажилладаг аймгийн хэлтэс, агентлагийн удирдлагуудыг оролцууллаа. Эдгээр хүмүүст энэ салбарын тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачид төрөлжүүлэн сургалт явуулснаараа онцлог юм.   

- Тариаланчид энэ жилийн зорилтоо тодорхойлсон. Энэ хавар хэдэн га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна вэ?

- 2022 онд аймгийн Засаг дарга, ХХААХҮ-ийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Тариалалтын хувьд үр тариа 42250 га үүнээс буудай 41250, арвай 400, овьёос 500, хөх тариа 50, бог будаа 30, гурвалжин будаа 20 га талбайд тариална. Мөн малын тэжээл 3450, тосны ургамал 4000, төмс 540, хүнсний ногоо 220 га-д тариалахаар төлөвлөлөө. Энэ жил үр тариа 59543, төмс 5346, хүнсний ногоо 2640, жимс, жимсгэнэ 300 тонн хураан авах зорилт тавиад байна. Аймгийн хэмжээнд улаанбуудай, тэжээлийн таримлын үрийн нөөцийг 2023 онд тариалах талбайн 90 хувьд хүргэж бүрдүүлэх зорилго тавьж байгаа.

Төмсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, аймгийн хэрэгцээг хангахаас гадна бүсийн аймгуудад нийлүүлэх, “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, тариалах талбайн хэмжээг сум бүрт 20 га-гаар нэмэгдүүлэх зорилттой. Мөн тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд хамруулах, тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажилд орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж өмнөх оноос 10-аас багагүй хувиар нэмэгдүүлсэн байх ажлыг гүйцэтгэнэ. Ер нь аймгийнхаа газар тариалангийн хөгжлийг тогтвортой, үр ашигтай  удирдан, хөтлөн явуулахаар ажиллаж байна.

- Хаврын тариалалтыг ямар хугацаанд хийхээр төлөвлөж байна вэ?

- Энэ удаагийн зөвлөгөөнөөр газар тариалангийн хаврын тариалалтын ажилд баримтлах агротехнологийн бодлогын асуудлыг ярилцаагүй. Дархан-Уул аймгийн  Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй ярилцаж, тохиролцсоны дагуу улсын хэмжээнд цаг агаарын урьдчилсан төлөв гарч, хаврын хөрсний гүний чийгийн хэмжээг тодрохойлсны үндсэн дээр энэ сарын хоёрдугаар хагаст багтаан бодлогоо хамтран боловсруулж, тариаланчдад хүргэхээр шийдвэрлэсэн.

- “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд тариаланчид яаж оролцох вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариаланчид жимс, жимсгэний тариалалт, ургацын хэмжээг өмнөх оноос 10 хувь нэмэгдүүлэх, нэг сум, гурван багт агро-ойн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Бас тариалангийн талбайд ойн зурвас байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд чанартай зохион байгуулах нь зүйтэй байгаа.

- Газар тариалангийн салбарт тулгамдсан, үр дүнд хүргэх шаардлага асуудлыг хэлэлцсэн байх. Цаашид ямар ажилд анхаарах шаардлагатай байна вэ?

- Таримал ургамлыг малаас хамгаалах асуудалд онцгой анхаарч, энэ асуудалтай холбоотой хууль, дүрэм, журмыг малчдад сурталчилж, тэдэнтэй гурвалсан гэрээ хийж ажиллах шаардлагатай байна. Малчид, тариаланчдын дунд байнга гардаг маргааныг зүй зохистой шийдэх хэрэгтэй.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болох “Газар тариалангийн тогтвортой хөгжил” дэд хөтөлбөр, “Шинэ хөдөө- Булган” дэд хөтөлбөр, “Өрхийн тариалан -2022” хөдөлгөөн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан зорилтуудыг хэрэгжүүлэх талаарх сургалт, сурталчилгааг тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд, төр захиргааны байгуулллагын албан хаагчид, нийт иргэдэд өргөн хүрээнд хийх хэрэгтэй байна.

Шинэ сэргэлтийн бодлогод төмс, хүнсний ногооны болон жимс, жимсгэний үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэхээр тусгаж 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тул газар нэмж эзэмшүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлага бий. Цаашид хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, ургамал хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, зөв дадлыг эзэмшүүлж, нэвтрүүлэх, таримал ургамал, үр тарианы сорт шинэчлэл, нутагшуулах ажлыг шинэжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, техник шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, байгальд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх зэрэг ажилд анхаарах талаар тариаланчдад зөвлөмж, чиглэл өглөө.

Ярилцсан танд баярлалаа

Холбоотой мэдээ