Б.Нарантуяа:“сайн үйл тохиовол-баярлаж мод тарья, саар үйл тохиоход-залбирч мод тарья, амарч зугаалах зууртаа тарьсан модоо арчилж тордъё”

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-28 22:11:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг түүчээлэн оролцож, тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарлалаа. Энэ ч утгаараа өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр эрхэм зорилтоо дэвшүүлсэн зөвлөгөөнийг аймгийн төв Сүхбаатар хотноо маш өргөн хүрээнд, өндөр ач холбогдолтойгоор зохион байгууллаа. Энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд зохион байгуулж буй “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нээж, үг хэллээ. “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын урилгаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар оролцлоо.

Бусад аймгуудаа түүчээлэн анхлан явуулж буй эл үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшааж, талархал дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулав. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсонд Сэлэнгэ түмэн хүндэтгэн талархаж байлаа. Тэрээр мод тарих нь цаг уурын өөрчлөлтөд ямар их нөлөө үзүүлж, өндөр ач холбогдол өгч буйг цохон тэмдэглэж байв.

 

Мөн зөвлөгөөний нээлтийн үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн хувьд мод тарьж ургуулах ажил нь цоо шинэ зүйл огтоос биш гэдгийг та бүхэн бэлхнээ мэднэ. Бидэнд 1970 оноос хойш ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн арвин их ажлын туршлага, байгаль цаг уурын тааламжит нөхцөл, тарьц суулгац бэлтгэх мэргэжлийн байгууллагууд, Батмөнхийн Жамсран, Доржийн Нэргүй, Отгоны Алтанцэцэг, Чойсүрэнгийн Баяржаргал нарын нөр их мэдлэг туршлагатай ойн гавьяатуудын үнэт сургаал зөвлөмж гээд бүх нөөц боломж бидэнд байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтол нийгмийн тулгамдсан асуудлын хэмжээнд тавигдаж байна. Судалгаа шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь газрын доройтолтой, Сэлэнгэ аймгийн газар нутгийн 69.6 хувь их бага хэмжээгээр доройтсон, үүнээс доройтол нэмэгдэх хандлагатай газар нутаг 19 хувийг эзэлж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр бид амьдрах орчноо хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нийгмийн оршин тогтнохтой холбоотой асуудал гэж ойлгож үзэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийнхаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрх бүрийг дэмжин оролцохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс та бүхэндээ уриалж байна. Мод тарих нь бидний амьдралын орчинг сайжруулж, амьжиргааг тэтгэж, эрүүл аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэдгийг бүгд мэддэг ч эхлүүлдэггүй байж. Одоо тэгвэл, “сайн үйл тохиовол-баярлаж мод тарья, саар үйл тохиоход-залбирч мод тарья, амарч зугаалах зууртаа тарьсан модоо арчилж тордъё” үүнийг л Сэлэнгийн иргэн бүр хэвшил болгоцгооё” хэмээн уриаллаа. Зөвлөгөөний үеэр ногоон санхүүжилт танд ямар боломж олгох талаар арилжааны банкны илтгэл мэдээлэл, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах тухай аймгийн ХХААГ-ын илтгэл мэдээлэл, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажилд уул уурхайн салбарын оролцооны талаар "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн илтгэл мэдээлэл болон мод, бут, жимс, жимсгэний мод тарьж ургуулах шинэ техник технологийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөмж, хэлэлцүүлэг гээд маш үр дүнтэй, үнэтэй мэдээллүүдээр оролцогчдын чихийг чимлээ. Сурвалжлага үргэлжлэн хүрэх болно.

Холбоотой мэдээ