"Наурыз"-ыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхийг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-23 16:39:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний уламжлалт "Наурыз" баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр Улаанбаатар хотоос ажлын баг Баян-Өлгий аймагт ирж ажилласан талаар өмнө нь мэдээлсэн. 

Харин энэ сарын 22-ны өдөр Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, “Наурызын баяр” өвийн судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичигтэй танилцжээ. Улмаар нэр дэвшүүлэх баримт бичгийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ЮНЕСКО-гийн Үндэсний комиссоор дамжуулан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр дэмжсэн байна.

Казах түмний хаврын баяр “Наурызын баяр” нь Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк Улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2009 онд бүртгэгдэж, 2016 онд Афганистан, Казахстан, Ирак, Тажикстан, Туркменистан улсууд нэмэгдсэн аж.

Харин энэ жил Монгол Улсын Засгийн газар Монголын Казах түмний “Наурыз”-ын ёс, уламжлалыг хүн төрөлхтний соёлын өв санд нэмж бүртгүүлэхээр зорьж, албан ёсны хүсэлтээ ийнхүү Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хүргүүлээд байна. 

Холбоотой мэдээ