Д.Лхагвасүрэн: Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 4,0 тэрбум төгрөгөөр давуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-19 21:13:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


- Өнгөрсөн онд аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө давж биелснийг эдийн засгийн салбарт гарсан онцлог, ололттой ажлын нэгээр дурдсан. Энэ талаар тодруулна уу?

- 2021 онд улс, аймаг, орон нутгийн төсвийн орлогод нийт 31,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 4,0 тэрбум төгрөгөөр буюу 125,3 хувиар давуулан биелүүлж ажиллалаа.

- Энэ онд ямар зорилт дэвшүүлж байна. Аймгийн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар давж биелж байгаа үзүүлэлттэй байна.

- Энэ онд Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн “Татварын боловсролын жил” -ийн ажлын хүрээнд үргэлжлүүлэн ажиллахаар ажлаа төлөвлөж байна. Иймд 2022 онд иргэдийн татварын боловсролд анхаарч татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөх зан хандлагад суурилан зорилтот бүлгүүдэд ангилан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, мөн цахим худалдаа эрхлэгчдийг татварын бүртгэлд хамруулан тэдгээрийг татварт хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ жил улс, орон нутаг, аймгийн төлөвлөгөө өмнөх жилээс нийт 5.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тул нэлээд ачаалалтай оны эхнээс ажиллаж байна. 2022 онд нийт 30,341.5 сая төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Улсын төсөвт 1,468.2 сая төгрөг, аймгийн төсөвт 16,974.2 сая төгрөг, сумын төсөвт 11,899.1 сая төгрөгний орлого оруулах төлөвлөгөөтэй байна.

2022 оны эхний 2 сарын байдлаар  улсын төсөвт 245.1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 587.9  сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 239.9 хувь, аймгийн төсөвт 3,727.3 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 4,011.9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 107.6 хувь, орон нутгийн төсвийн орлогод 1,753.1 сая төгрөг төвлөрүүлэхээс 1,198.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 68.4 хувиар тус тус биелүүллээ.

 - Татварын байгууллагын үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна. Энэ ажил ямар түвшинд хэрэгжиж байна вэ?

- Татварын алба нь татвар төлөгчийн бүртгэл, тайлагнал, татвар төлөлт, лавлагаа тодорхойлолт, хяналт шалгалт зэрэг татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээг 100 хувь цахимжуулаад байна. Татварын албаны үйлчилгээ бүрэн цахимжсанаар татвар төлөгчид маань хаанаас ч гэсэн цахимаар холбогдож тайлан мэдээгээ илгээх, татвараа төлөх, лавлагаа тодорхойлолтоо авах бүрэн боломжтой болж байгаа юм.

2021 оны байдлаар 98 хуулийн этгээд шинээр бүртгэгдэж, татвар төлөгчийн тоо 4.8 хувиар, иргэн 2936 татвар төлөгчөөр буюу 8 хувиар нэмэгдсэн байна. 2021 оны хувьд улирал бүрийн 15 төрлийн 7309 тайлан хүлээн авахаас 7165 тайланг цахимаар хүлээн авч 98.1 хувиар тайлангийн ирцийг ханган ажилласан нь Татварын ерөнхий газраас баталсан үйл ажиллагааны стандарт түвшинг 100 хувь хангалаа.

Татварын албаны үйлчилгээг 100 хувь цахимаар үзүүлж байгаа бөгөөд 2021 оны байдлаар татвар төлөгч  2936 иргэн, шинээр үүсгэн байгуулагдсан 98 аж ахуйн нэгжийг татварын цахим e-tax.mta.mn-д холбож, цахимаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулан татварын бааз суурийг өргөтгөн ажиллалаа. Татвар төлөгч татварын алба хооронд холбож байдаг e-tax.mta.mn-д хандаж татварын төрлөөр нэмж бүртгүүлэх 236 татвар төлөгчийн хүсэлтээр  ТТ-11 төрөлд 91, ХХОАТ төрөлд 186 татвар төлөгчийг татварын төрлийн бүртгэлд нэмж бүртгэн бүртгэх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлд 2003 татвар төлөгчийг нэмж бүртгэсэн байна. Тайлант онд 102682 цахим нэхэмжлэхээр 23,834,916.3  мянган төгрөгийн албан татварын орлогыг цахимаар төвлөрүүлээд байна. 2021 оны байдлаар давхардсан тоогоор 7356 удаагийн лавлагаа тодорхойлолтыг цахимаар олгож ажилласан байна.

- Татварын тухай хууль тогтоомжийн сурталчилгаа хийх талаар зарим онцлог ажил хийж байх шиг санагддаг. Өдөр бүр иргэд, татвар төлөгчдөд хандсан санал асуулга, асуулт хариултыг цахимаар зохион байгуулж байгаагийн үр дүн ямар байна вэ?

- Төрийн албаны үйлчилгээг татвар төлөгчдөд түргэн шуурхай цаг алдалгүй хүргэх зорилгоор хэлтсийн вэб сайт болон пэйж хуудсыг өдөр бүр тогтмол мэдээ, мэдээллээр шинэчилж, татвар төлөгчдөөс ирүүлсэн санал асуулга, комментод тогтмол хариулт өгч ажиллаж байна

Татвар төлөгчдөд зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр Татварын ерөнхий газраас 1800-1288 дуудлагын төвийн лавлах утсыг улсын хэмжээнд ажиллуулж байна. Аймаг бүрд 1 албан хаагч 1-3 сарын хугацаатай дуудлагын төвийн 1800-1288 тусгай дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авч татвар төлөгчийн асуултанд хариулж зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

Татварын II-р шинэчлэлийн хүрээнд татварын багц хуульд орсон өөрчлөлт, шинээр батлагдсан хуулийг сурталчлах, татварын хуулийн хэрэгжилтийг  үйл ажиллагаанд мөрдөж байгаа чиг хандлагаар нь татвар төлөгчдийг 4 сегментэд ангилж сегмент тус бүр  тохирсон сургалтын төлөвлөгөө гаргаж сургалт зохион байгуулан ажиллаж байна. 

Тайлант хугацаанд ХХОАТ, Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар 178 удаагийн зохион байгуулсан сургалтад 4500 гаруй татвар төлөгч иргэд танхимаар, хуулийн этгээдийн 45 удаагийн сургалтад  давхардсан тоогоор 1458  татвар төлөгч цахимаар тус тус хамрагдсан байна. Татвар төлөгчид зориулсан 28 төрлийн гарын авлагыг боловсруулан 8000 гаруйг хэвлэн татвар төлөгчдөд хүргэж ажиллалаа.

 Булган аймгийн Татварын хэлтэс цахим хуудсаар өдөр тутамд 2-3 удаагийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байна.

- Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу цахим төлбөрийн баримтыг бүрэн нэвтрүүлж, татварын бааз, суурийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Үүний үр дүн ямар байна вэ?

- Сар бүр нэмэгдсэн өртгийн албан татварын QR бүртгэл буюу цахим төлбөрийн баримт илгээж буй байдалд хяналт тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд татвар төлөгчдөд баримт гаргаж өгөхгүй байх тохиолдолд тухайн татвар төлөгч маань гар утаснаасаа буюу и-баримт апп-ныхаан гомдол цэсрүү орж тухайн ААН, иргэнд гомдол гаргах эрхтэй болсноор гомдол нь манай цахим системд бүртгэгдэг юм. 2021 онд 575 татвар төлөгчдөөс гомдол ирүүлсний 93,6 хувийг буюу 538 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн цахим төлбөрийн баримт олгоогүй 5 хувь хүн, 3 хуулиййн этгээдэд 5250,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажилласан.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэгдсэн системд холбогдвол зохих нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч 277 татвар төлөгчийг бүрэн, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш 7546 татвар төлөгчөөс 6779 татвар төлөгчийг буюу 90 хувийг QR системд холбосон. Өнгөрсөн онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх болзол хангасан болон сайн дураар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн 74 татвар төлөгчийг суутган төлөгчөөр бүртгэж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тоо 30 хувиар өссөн байна.        

- Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийдэг. Зөрчлийг арилгах ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Жил бүр Татварын ерөнхий газрын даргын баталсан хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтын дагуу татварын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийгддэг. 2021 онд Хяналт шалгалтад 40 аж ахуйн нэгж, иргэдийн 2017-2020 оны санхүүгийн баримт материалд нь хяналт шалгалт хийсэн.  

Ер нь татвар төлөгч хувь хүн хуулийн этгээд нь татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө  гэж заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлон, хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь тогтмол биелүүлэн, хуулийн хугацаанд тайлангаа тушааж, татвараа тухай бүр нь төлж хэвшсэн тохиолдолд эрсдэлд орохгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж өндөр болон дунд эрсдэлд тооцогдож татварын хяналт шалгалтад хамрагддаг байгаа.  

Энэ жил Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн хүрээнд Хяналт шалгалтын дарамтыг бууруулах чиглэлийн дагуу татварын хяналт шалгалтыг бууруулах зорилгоор татварын хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг батлахгүй. Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас эрсдэл бүхий татвар төлөгчийг төрлөөр нь сонгон эрсдэл тооцож шалгалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчидийн тоо буурсан ч шалгалтын чанарыг сайжруулахд анхааран ажиллаж байна.

Татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулан цаашид өмнө гаргасан алдаа дутагдлаа дахин давтахгүй, бусад татвар төлөгч нарт анхааруулах зорилгоор ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгч нарт илэрч байгаа зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн онд Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/41 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 40 хуулийн этгээдийн 2017-2020 оны баримтад татварын хяналт шалгалт хийж 7233,4 сая төгрөгийн зөрчил илрүүлж 661,3 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулж барагдуулаад байна.

Цахим төлбөрийн баримт илгээж буй байдалд хяналт тавьж нийт 295 иргэдийн үйл ажиллагааг шалгаж 105 иргэн бэлэн мөнгөний машинтай, 15 иргэн цахим төлбөрийн баримтаас баримт хэвлэж, 166 татвар төлөгч QR кодоор баримт  олгож байлаа. Баримт хэвлээгүй хоёр татвар төлөгчид зөрчлийн хуулиар хариуцлага тооцлоо. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу цахим төлбөрийн баримт олгоогүй таван хувь хүн, гурван хуулийн этгээдэд 5,2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч төлбөрийг бүрэн төлүүлээд байна.

- Татварын байгууллагын үйл ажиллагааны хувьд цаашид ямар асуудалд түлхүү анхаарах вэ?

- Татварын алба нь татварын шинэчлэлийн хүрээнд үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор сегментийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг цаашид улам сайжруулах шаардлагатайг онцолж байгаа. Хууль, эрх зүйн хүрээнд Хөрөнгийн албан татварын тухай хууль, Төлбөр хураамжийн тухай хуулиудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор орлогын хуваарилалт хийх журам шинээр гарсныг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахаар болж байна.

Мөн дотоод үйл ажиллагаандаа болон татварын үндсэн үйлчилгээнд мэдээллийн технологийн давуу талуудыг ашигладаг бөгөөд өнгөрсөн онд шинээр ашиглаж эхэлсэн системийг хэрхэн ашиглах талаар бодлого арга зүйн туслалцаа үзүүлсэн нь ач холбогдолтой болсон.

Бидний хувьд 2022 онд төсвийн орлогын төлөвлөгөөг хангах, татварын өрийг бууруулах, зөв тайлагналын хувийг нэмэгдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, далд эдийн засгийг бууруулах, хуулийг нэг ойлголтоор хэрэгжүүлэх, олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх гэсэн чиглэлд түлхүү анхаарч ажиллах болно оо.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ