Архангайхан хүчит бөхөөрөө омогшиж наадлаа

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 10:08:53

2016 оны 7 дугаар сарын 21-22-нд Цэцэрлэг хот болон Өвөр Хужиртын үзүүр хэмээх домогт газар Архангайхан хүчит бөхчүүд нь тэнхээтэй, мэргэн харваачид нь оноотой, шандаст хүлгүүд нь хурдтай дэнж хотойтол сайхан наадлаа.

Энэ жилийн хувьд Архангай аймгаас Улсын их баяр наадамд Хашаат сумын уугуул Ч.Санжаадамба 10 даван түрүүлж аварга, Эрдэнэбулган сумын харъяат Р.Пүрэвдагва 9 даван үзүүрлэж Монгол улсын арслан, Булган сумын Мишькагийн Бат-Отгон, Батцэнгэл сумын Лхагвасүрэнгийн /энэ айлд 2015 оны намар МонЦаМэ агентлагийн сурвалжлах багийнхан бид бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон/ Шинэбаатар, Цэнхэр сумын Цэрэндоржийн Нямдорж, Эрдэнэцогтын Ванданцэрэн нар тав давж шөвгөрөн улсын начин цолыг хүртэж, төрж өссөн нутаг орныхоо зон олныг баярлууллаа.

Тэгвэл, Цэцэрлэг хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон аймгийн наадамд Увс, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Архангай аймгаас хүрэлцэн ирсэн улсын цолтой 27, аймгийн цэргийн цолтой зуу гаруй нийт 256 бөх хүч чадлаа сорин уран мэхийг уралдуулан барилдав.

Ийнхүү барилдааны 5-ын даваанд Монгол улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, улсын начин А.Амарзаяа, Ц.Одбаяр, Ч.Ганзориг, Архангай аймгийн арслан М.Бадарч нар ам авч цэргийн начин Биндэръяа, аймгийн начин Ю.Пүрэвжаргал нар туналаа.

6, 7, 8-ын даваанд ёстой л гал гаргасан барилдаан болж, наадамч олныг суудлаас нь байнга өнзөлдүүлэн хашгаруулж цангааг нь жинхэнэ гаргаснаараа энэ жилийн наадам онцлог боллоо гэж түмэн олон сэтгэл өндөр байна.

Дашрамд дурьдахад, бөхийн комиссын ахлагч аймгийн ОБГ-ын дарга, улсын харцага Пэрэнлэйдоржийн хэлснээр энэ наадмын их шөвөгт үлдсэн 8 залуу аварга Ч.Санжаадамба, улсын арслан Пүрэвдагва нартай нэг галд гарч бэлтгэлийг нь хангуулсан барилдаанч залуучууд юм байна.

Архангайн баяр наадмаас “Бөх билэгт” –дэвжээний бөхчүүд аймгийн арслан, заан цолыг тус бүр нэг, харцага-2, начин-4 зэрэг 8 залуу бөх  цол ахиуллаа. Энэ бол аймгийн бөхийн түүхэнд тун ховор тохиолдол юм.

Тодруулбал, Өгийнуур сумын уугуул Юрагийн Пүрэвжаргал 8 давж түрүүлэн аймгийн арслан, Хотонт сумын харъяат Лхамсүрэнгийн Жамбал 7 давж үзүүрлэн аймгийн заан, Батцэнгэл, Хашаат сумын Б.Билгүүн, Ц.Ганбат нар 6 давж аймгийн харцага, Булган, Чулуут, Хотонт, Хайрхан сумын Өнөболд, Чинбат, Бэхбат, Мөнх-Эрдэнэ нар шөвгөрөн аймгийн начин боллоо.

Энэ жилийн аймгийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д. Жамцандорж нар барилдсангүй ч ирж оролцсон явдал олны сэтгэлд бүлээн уур амьсгал бүрдүүллээ. Мөн хүүхдүүдийн барилдаанд 64 хөвгүүн зодоглосноос Цэнхэр сумын уугуул Б.Ширмэндагва түрүүлж, Эрдэнэбулган сумын харъяат Н.Эрхэмбаяр үзүүрлэв.

Л.Булган

Холбоотой мэдээ