УИХ-ын дэд дарга Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ажил байдалтай танилцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 3-6-нд Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ажилтай танилцаж байна.
Тэрбээр аймгуудын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссынхонтой уулзаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдтэй уулзлаа.
Төв аймагт нийт 3093 иргэн хэлмэгджээ. Тус аймагт цагаатгалын нөхөх олговрын мөнгөн тэтгэмжээ хүлээн авсан 43, хүлээгдэж буй 19 нэхэмжлэгч иргэн байгааг Төв аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Жамбалсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нар хэллээ.
Харин Дундговь аймгийн хувьд Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ таниулах тусгай цогцолбор барих төслийг боловсруулж байгаа юм байна. Аймгийн удирдлагууд цагаатгах ажлыг зохион байгуулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бусад ажлын талаар УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяад танилцуулсан юм.