Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлээр ХЗДХЯ-нд ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-04 13:59:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү агентлагийг байгуулснаар бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбартай холбоно. Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална. Хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагч нарт төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх юм гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа тодотголоо.

ХЗДХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан "Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага" хэлэлцүүлэгт шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам (ЭЗХЯ), УБЕГ, ГИХГ-ын албаны хүмүүс, Дэлхийн банк, Монголын Бизнесийн зөвлөл зэрэг байгууллага, ААН, бизнесийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн талаар танилцуулахдаа ХЗДХЯ-нд тус хуулийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг дуулгалаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад бизнес эрхлэх, дотоодын ААН-үүдтэй шударгаар, харилцан ашигтай хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин ойлгомжтой тодорхой байх нь чухал байна гэдгийг тэрээр тодотгов.  Хөрөнгө оруулалтын бодлогоо зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.



ААН-үүд, бизнесийн холбоодын зүгээс одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн зарим зохицуулалт холбогдох бусад хуультай харилцан уялдаа байхгүйгээс хэрэгжээгүй ирснийг анхаарч, холбогдох хуулийн уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.


Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны тулгамдаж буй асуудлыг шийдэж, шинэчлэх шаардлагатай байгаад  бизнес эрхлэгч нар төр, засгийн төлөөлөл санал нэг байна.





Мөн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар бус холбоотой хуулиудыг том зургаар харах, уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөв. Ялангуяа мэдээллийн технологи, тээвэр ложистик, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашлаад Гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг баталж, хууль болон журмуудаа бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй гэв.




Ажиллах хүчний квотын асуудал, виз, оршин суух зөвшөөрөл авахад чирэгдэл багатай байх, хөрөнгө оруулагч нарт зориулсан гадаад сурталчилгааг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай ААН бүртгүүлэх үйл явцыг хялбаршуулах зэрэг саналыг хэлж, цаашид дээрх асуудалд анхаарахыг хүслээ.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхой сэдвээр хэлэлцүүлгийг цаашид зохион байгуулахаар тогтлоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн төсөлтэй холбоотой саналаа policy@mongolchamber.mn цахим шууданд ирүүлэх боломжтойг бизнесийн төлөөллийн байгууллагаас мэдээллээ.




Холбоотой мэдээ