Филиппин хилээ нээснээс хойш гадаадын жуулчдын тоо 40 гаруй хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-03-04 12:49:07

МАНИЛА. /ECNS/. Филиппин хилээ хоёрдугаар сарын 10-нд нээснээс хойш гадаадын жуулчдын тоо 40 гаруй хувиар өссөн талаар тус улсын Шилжилт хөдөлгөөний товчооноос пүрэв гарагт мэдээлжээ.


Тус товчооны комиссар Жэйми Морентегийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард 150 740 жуулчин ирсэн бол хоёрдугаар сард 211 899 болж өссөн байна. Ийнхүү олон улсын жуулчдын тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр өсөж байна гэж тэрбээр хэлжээ.


Тодруулбал, өнгөрсөн сард ирсэн жуулчдын 154 661 нь филиппинчүүд байсан бол 21 383 нь америкчууд, 4026 нь канадчууд, 3250 нь британичууд байсан гэж Шилжилт хөдөлгөөний товчооны боомтын үйл ажиллагаа хариуцсан дарга Карлос Капулонг мэдээлсэн байна.


Филиппин улс “COVID-19” халдварын эхний давлагааны үеэс буюу 2020 оны гуравдугаар сарын дунд үеэс гадаадын жуулчдад хилээ хаасан юм. Тийнхүү хоёр жил орчмын турш хилээ хаасны эцэст 157 улс орон, бүс нутгийн, вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хилээрээ нэврэхийг зөвшөөрөөд байгаа юм.


Ж.Моренте, К.Капулонг нар Филиппинийг зорин ирэх жуулчдын тоо цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “Эрүүл мэндийн протоколуудыг үргэлжлүүлэн дагаж мөрдсөнөөр эдийн засаг аажмаар сэргэх шатандаа орж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж Ж.Моренте ярьжээ. 

Холбоотой мэдээ