Улсын аварга фермер С.Хүрэлхүүгийн шилмэл сүргийн хурга нь 25-30 кг жинтэй гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-03 14:54:54
Архангай /МОНЦАМЭ/. Энэ жил “Улсын аварга фермер”-ийн болзлыг Улаанбаатар хот, Архангай, Төв, Сэлэнгэ аймгийн фермерүүд хангасан байгаа юм. Тэдний нэг нь Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн фермер Самбуудоржийн Хүрэлхүү юм. Өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг фермер гэдэг бөгөөд сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн шалгаруулдаг журамтай.
Аварга фермерч Самбуудоржийн Хүрэлхүү эхнэр Шагдарсүрэнгийн Баасандулам нар 2011 онд мянгат малчин, 2013 онд Архангай аймгийн аварга малчин болсон цагаасаа малаа эрчимжүүлэхээр зорьжээ.
Хонин сүрэгтээ 2012 онд “Үзэмчин” үүлдрийн хуц, 2021 онд “Эделбай” үүлдрийн хээлтүүлэгч тавьж, сум орон нутагтаа шилмэл сүрэг бий болгож байна. Тэдний 9-10 сартай хурга амьдын жингээр 25-30 кг, төлөг 45-50 кг хүрдэг ажээ. Мөн үхрийн фермийн аж ахуйг 2013 онд эхлүүлж, нэг үнээнээс авах сүүний гарцыг нэмэгдүүлэн зэргэлдээ Эрдэнэбулган сум, Цэцэрлэг хотын төсөвт байгууллагуудад мах, сүүгээ нийлүүлдэг байна.
С.Хүрэлхүүгийн өвөг эцэг Батын Жаамаахүү агсан 1947 онд БНМАУ-ын сайн малчин болж, маршал Х.Чойбалсангаас цол, шагналаа гардаж явсан ажээ. Мөн аварга малчин Баамаажав, Цэвээнжав, Улсын аварга гахайчин Б.Баасанхүү зэрэг хашир туршлагатай малчид С.Хүрэлхүүгийн ураг удмаас төрөн гарсан байдаг.
Холбоотой мэдээ