Эхний 8 багийн тамирчдад аймгийн аваргад оролцох эрх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-01 17:37:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан бэлтгэлийг хангах зорилго бүхий Хараа бүсийн аварга шалгаруулах өсвөрийн волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал спорт цогцолборт боллоо.  

Тэмцээнд Баянгол, Түнхэл, Хэрх, Зүүнхараагийн ЕБ-ын 1, 2, 3, 4 дүгээр сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 200 гаруй хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.   

Тэмцээний дүнгээр эрэгтэй алтан медалийг Мандал ЕБ-ын 3-сургууль, мөнгөн медалийг Мандал ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 1 дүгээр баг, хүрэл медалийг Мандал ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 2 дугаар баг тус тус хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдээс алтан медалийг Баянгол сумын ЕБС, мөнгөн медалийг Мандал ЕБ-ын 3 дугаар сургууль, хүрэл медалийг Мандал ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 1 дүгээр баг тус тус хүртжээ. Тэмцээний эрэгтэй тэгш тоглогчоор Мандал 3 дугаар сургуулийн М.Уранбаяр, эмэгтэй тэгш тоглогчоор Баянголын Т.Уянга нар тус тус тодорч шагнал хүртсэн байна.

Тэмцээний дүнгээс эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр баг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах ёстой аж. Гэвч энэ удаа сум орон нутагтаа волейболын спортыг хөгжүүлэх зорилгоор 8 багт тус эрхийг Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шийдвэрээр олгосон нь хүүхдүүдийг дэмжсэн, урам хайрласан үйл явдал болжээ. Энэхүү тэмцээн нь волейболын спортыг орон нутагт хөгжүүлэх, баг тамирчдын тоглолтын ур чадварыг сайжруулах, сургалт дасгалжуулалтын чанар үр дүнг дээшлүүлэхээс гадна ЕБС-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгдгөөрөө ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэлж байна.

 

Холбоотой мэдээ