Шинэ Зеланд, Их Британи чөлөөт худалдааны гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-01 11:33:10

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеланд болон Их Британийн эрх баригчид хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсныг Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүн Жасинда Ардерн мэдэгджээ.


"Шинэ Зеланд, Их Британи улсууд чөлөөт худалдааны түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг байгуулснаар Шинэ Зеландын бизнес эрхлэгчид Их Британийн зах зээлд урьд өмнө байгаагүйгээр нэвтрэх боломжтой болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш бүх худалдаа бүгд шахам татвараас чөлөөлөгдөнө" гэж Ардерн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.


Гэрээнд тусгагдсан мах, цөцгийн тос, бяслаг зэрэг Шинэ Зеландын гол бараа бүтээгдэхүүний квот нь "улс орны ДНБ-ийг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалахад нөлөөлнө" гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. “Энэ нь мөн чулуужсан түлшийг татаасгүй болгох гэх мэт байгаль орчны заалтууд болон маоричуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай тусгай бүлэг бүхий хоёр талын худалдааны анхны гэрээ юм" гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд онцолжээ.


Гэрээний нөхцөлийн дагуу Их Британи Шинэ Зеландын экспортын бүх тарифыг цуцлах бол одоо эргэлтэд байгаа барааны 99.5 хувийг татвараас чөлөөлнө. Энэ нь энэ оны эцэс гэхэд Шинэ Зеландын эдийн засагт хамгийн багадаа 37 сая шинэ зеланд доллар (24.8 сая ам.доллар) төвлөрүүлж, Их Британи руу хийх нийт экспортын хэмжээг  50 хувиар нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна. Гэрээ 2022 оны эцэс гэхэд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.


Шинэ Зеландын Гадаад харилцаа, худалдааны яамнаас мэдээлснээр, Их Британи нь одоогоор тус улсын долоо дахь том худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдааны нийт хэмжээ 2020 онд 6 тэрбум шинэ зеланд доллароос (4 тэрбум гаруй ам.доллар) давж байжээ. Шинэ Зеландын экспортын гол бүтээгдэхүүн нь дарс, зөгийн бал, олон тооны органик бүтээгдэхүүн юм.



Холбоотой мэдээ