Оттавад жагсаал цуглаантай холбогдуулан онц байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-02-07 10:26:53

ОТТАВА. /TASS/. Канадын Оттава хотын захиргаа коронавирусний хязгаарлалтыг эсэргүүцсэн холын тээврийн жолооч нарын жагсаалын улмаас онц байдал зарлалаа гэж CBC телевиз мэдээлэв.


"Онц байдал зарласан нь жагсаал цуглаан хотын оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж буйг, түүнчлэн Засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг харуулж байна" гэж хотын дарга Жим Ватсон мэдэгджээ.


Оттавагийн эрх баригчид болон цагдаа нар эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нөхцөл байдлыг хянахаа больсон гэж хотын дарга өмнө нь мэдэгдсэн байна. Хоёрдугаар сарын 5-нд цагдаагийн дарга Питер Слолей мөн жагсаалыг зогсоох хангалттай ажилтан дутмаг байгааг хүлээн зөвшөөрчээ. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, бямба гарагт орон нутгийн иргэд болон бусад хотоос ирсэн хүмүүс эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдсэнээр жагсагчдын тоо таван мянгад хүрсэн байна. 


Жагсагчид цар тахалтай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтыг цуцлахыг эрх баригчаас шаардаж байгаа юм. Канадын Ерөнхий сайд Жастан Трюдо Оттавад жагсагчидтай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгджээ.


Холбоотой мэдээ