АБГББХ: Ээлжит чуулганы хугацаанд 14 хуулийн төсөл батлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаан хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай өнөөдөр мэдээлэв.
Байнгын хорооны хуралдаанаар 18 хуулийн төсөл хэлэлцсэн бөгөөд хэлэлцэх эсэхийн нэг санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн дөрвөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга боловсруулжээ. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцсөн талаарх нэг санал, дүгнэлт бусад асуудлаар мөн нэг санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 47 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 14 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:
УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийг баталснаар аймгийн төвөөс алслагдсан нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдэж, орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Уг хуулийг баталснаар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах нөхцөл бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлуулсан. Ингэснээр, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан юм.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн дүнгийн тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.
"Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлууд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.