Сэлэнгэ аймгийн ИТХ 11 Тэргүүлэгчтэй ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын шинэ Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталлаа.
Хуралдааны явцад цөөнхийн тал болох АН-ын төлөөлөгчдөөс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн суудалд 3 хүнээ оролцуулах хүсэлтийг тавьсан юм. Олонх буюу МАН-ын бүлгийн зүгээс АН-д нэг Тэргүүлэгчийн суудал өгөхөөр шийдвэрлэсэн байв. Алтанбулаг сумаас бие дааж нэр дэвшсэн төлөөлөгч Л.Өлзийцэнгэл АН-ын бүлэгт орж ажиллахаар болсон учир ийнхүү АН-ын бүлгийн зүгээс 8х3 гэсэн харьцаагаар ИТХ-ын тэргүүлэгчийн суудлыг хуваах хүсэлтээ өгчээ. Эл хүсэлтийг МАН-ын бүлэг хүлээн авч АН-аас гурван хүний нэрийг дэвшүүлэн нууцаар санал хураасны эцэст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр нэр дэвшсэн хүмүүсээс МАН 10, АН нэг хүний санал авч нийт 11 тэргүүлэгчтэй байхаар боллоо. 2016 оны сонгуулиар бүрэлдсэн Сэлэнгэ аймгийн ИТХ 37 төлөөлөгчтэй үүний 25 нь МАН, 11 нь АН, нэг нь бие даан нэр дэвшигч байгаа юм. Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Цагааннуур сумаас сонгогдсон, Монгол Улсын гавьяат механикжуулагч Ө.Чимэддоржийг, АН-ын бүлгийн даргаар Н.Гэрэлт-Одыг сонгосон. Н.Гэрэлт-Од нь өмнөх сонгуульд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар байнгын хороодоо сонгох болно гэж хурлын шинэ дарга Г.Бямбаа хэллээ. Учир нь хүмүүсийн амралт, аялалын улирал ирж байгаа учир хүмүүсээ амрааж, сайн бодож тунгаах, оюунаа цэнэглэх хугацаа өгч байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг